Д.Ганбат гишүүн өөрөөсөө тэрбум төгрөг гаргаад 40-ын пидон тараасан гэв

2020-11-10 Бор шувуу
Д.Ганбат: Бидон дээр зургаа тавих хүн мөн үү, би

Баянхонгор аймгийн айл өрхүүд УИХ-ын гишүүн Д.Ганбатын буянаар 40 литрийн сайхан орос пидонтой. Тэд гишүүнийхээ нэгдсэн журмаар олгосон эл бэлгээр ижилсэж, бараг ийм пидонгүй айл байвал Хонгор нутгийнх биш гэхэд халаг байдаг. Гэтэл өчигдөр Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийх үеэр сэтгүүлчид өнөөх пидон алдарт гишүүнээс “Та ёс зүйн тухай хөндлөө. Өөрөө харин хэр ёс зүйтэй хүн бэ. 2012-2016 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа төрийн мөнгөөр зургаа хэвлээд тойргийнхондоо пидон тараасан. Ёс зүйн хэмжүүрт таны энэ үйлдэл багтаж байгаа юу” гэсэн асуултад хариулах хэрэг гарав.

Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат “Тэр пидон дээр юу гэж би зургаа тавих вэ дээ. Хүмүүсийг би ойлгодог байх гэж бодтол ойлгодоггүй юм байна. Пидон дээр зургаа тавих хүн мөн үү, би. Зурагтай пидоныг айл өрх ашиглах уу. Үнэхээр тийм юм шиг ойлгоод яваад байдаг. Гэтэл тэр нь фото шоп, эвлүүлэг л юм шиг байгаа юм.

Тэр мөнгө Нийгмийн даатгалын хөрөнгө биш ээ. 2012-2016 онд УИХ-ын гишүүн байхдаа, мөн 2016-2020 онд УИХ-ын гишүүн бус байхдаа ч би Баянхонгор аймгийн 8000 ээжид 40-ын пидон тараасан. Хуванцар сав хэрэглэснээр хорт хавдар тусаад байна гэсэн судалгаа гарсан учраас хэрэглээг нь багасгая гэдэг зорилгоор анх санаачлагыг гаргаад явсан.

Улсын төсөвт анх 1 тэрбум төгрөг өрхийн орлогыг дэмжих зорилгоор суусан байсан. Үүний 300 сая нь Завхан аймагт, 300 сая нь Чингэлтэй дүүрэгт, 300 сая нь Баянхонгор аймагт зарцуулагдсан. Энэнээс гадна би өөрөөсөө тэрбум төгрөг гаргаад 40-ын пидон тараасан, энийг харин тайлбарлах боломж олгосонд баярлалаа” хэмээн хээвнэг нүүр нь ч улайхгүй, бурж суух юм даа…

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.