Г.Ганбаяр: Бүх их, дээд сургуулийн үйл ажиллагааг шалгаж байна

2020-10-26 Боловсрол

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Сургуулийн удирдлагын систем, сургалтын цахим платформын талаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр “Энэ хичээлийн жил гурван улирлаар зохион байгуулагдаж байгаа. Ирэх арванхоёрдугаар сарын 24-нд нэгдүгээр улирлын амралт эхэлнэ. Ханиад томуутай холбоотойгоор ийнхүү улирлын амралтад өөрчлөлт оруулсан.

Манай салбарт цахим шилжилтийн үйл ажиллагаа явагдаж байна. Улсын хэмжээнд 687 мянга 237 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцаж байна. Өмнө нь улирлын мэдээг тайлангаар авч байсан бол одоо онлайнаар авдаг болсон. Улсын хэмжээнд 849 сургууль байна. Боловсролын яам өндөр төсөвтэй харагддаг. Хөрөнгө оруулалтын ажлыг цахимаар хянах боломжтой болсон. 1000 км явах шаардлагагүйгээр сургууль цэцэрлэгийн барилгаа үздэг болсон.

Иргэд суралцагчид боловсролын лавлагаа авдаг. Боловсролын гэрчилгээний кодыг уншуулахад мэдээлэл нь шууд очно. Ажил олгогч дээр дипломын хуулбар барьж очих шаардлагагүй болно. Бүх мэдээллийг онлайнаар хардаг болох боломжтой.

Сургалтын үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч байна. Хүүхдээ ямар хичээл дээр хангалттай дүн авч байгаа, аль дээр нь анхаарах ёстойг харж болдог боллоо. Мөн өөрийн хүүхдэд ямар багш нар хичээл орж байгаатай танилцаж болно. Номын сурах бичгийн мэдээллийг онлайнаар авах боломж бүрдлээ. Эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсролд анхаарал тавих боломжийг ийнхүү бий болголоо.

Боловсролын апп, сайт нь үнэ төлбөргүй, хандахад дата унахгүй гээд олон давуу талтай.

Тухайлбал, хаана ямар сургууль, цэцэрлэг баригдаж байгаа, хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг харах, Боловсролын бүх төрлийн лавлагаа, гэрчилгээг цахимаар харах боломжтой. Өөрөөр хэлбэл, ажил олгогч тухайн горилогчийн гэрчилгээг шууд харж болно. Сурагчийн ирц, даалгавар, хичээлийн хуваарь, хичээл зааж байгаа багш нар, сурах бичгийн мэдээлэл зэргийг авах боломжтой. Мөн багш нар цаасан биш цахим журнал хөтөлж бичиг цаасны ажлыг нь хөнгөвчилнө.

Тиймээс багш нарыг компьютертэй болгоход 8 орчим тэрбум төгрөг зарцуулах бөгөөд төслийг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ. Хамгийн гол зорилго нь сурагч хүүхэд цаг хугацаа орон зайг үл хамааран боловролыг тэгш хүртэх боломжийг бий болгож байгаа юм. Мөн гадаадад суралцах хүсэлтэй оюутан залуус уг сайтаас мэдээлэл авах боломжтой.

Гадаадад байгаа монгол хүүхдүүд, малчны хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх зүйн орчныг нь бүрдүүлэхийг хичээн ажиллаж байна.

Оффлайн буюу интернетгүй орчинд ажиллуулах боломжтой байх даалгаврыг хамтран ажиллаж байгаа нийт IT компанид өгсөн” гэлээ.

Мөн БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир дараах мэдээллийг тодруулав.

“Энэ сарын 1-5-ны хооронд Үндэсний хэмжээний найман компани өөрсдийн хөгжүүлж байгаа бүтээгдэхүүнээ танилцуулж, бид санамж бичиг байгуулан, нийт 90 сургуулийг сонгон авч ажиллаж байна.

Жишээ нь, “И Эс Эм” компани ерөнхий боловсролын зарим сургуульд “Их нүүдэл” системийг хөгжүүлж байгаа бол Ай Си Ти групп 15 сургуульд багаа бүрдүүлж сургалт мэдээллээ хийж байна.

Ай Си Ти групп, И Эс Эм, Мэксим консалтинг, Амжилт дотком, Эй плас интернэйшнл, Гэрэгэ системс, ТомЁ ЭдТек зэрэг найман компани дараах шаардлагыг хангасан сургалтын удирдлагын системийг 3 сарын хугацаанд 90 сургуульд туршин хэрэгжүүлнэ.

Үүнд:

Багш суралцагч, эцэг эх сургалтын удирдлагын системд нэвтрэх боломжтой
Цахим орчинд видео болон унших, сонсох агуулгыг ашиглах боломжтой байх
Онлайн буюу видео чат хэлбэрээр сургалт явуулах боломжтой байх
Суралцахуйн явцыг үнэлэх, хянах хэсэгтэй байх
Багшийн бэлдсэн контент буюу агуулга оруулах боломжтой байх
Дасгал ажил хийх гүйцэтгэх, шалгалт авах боломжтой байх
Удирдлагын тайлангийн хэсэгтэй байх” гэлээ.

Энэ үеэр сэтгүүлчид 12 сургуулийг хаах эсэх талаар дэд сайд Г.Ганбаяраас тодруулав.

Тэрбээр “Цахим орчинд тараад буй 12 сургуулийг хаах гэж буй мэт мэдээлэл гарсан байсан. Тийм биш. Ер нь бүх их дээд сургуулийн үйл ажиллагааг шалгаж байгаа. Яамнаас хувийн, төрийн гэж ялгалгүй шалгадаг журамтай. Шалгасан сургууль бүрээ хаана, тусгай зөвшөөрлийг нь цуцална гэсэн зүйл байхгүй. Бүгдэд нь тавих ёстой шаардлагаа тавин, шаардлага хангаж чадахгүй байгаа буюу багшгүй, оюутангүй болчихсон сургуулиудыг хаана. Шууд хаана гэхээсээ илүүтэй эдийн засгийн аргаар буюу хооронд нь нэгтгэх, оюутнуудыг шилжүүлэн суралцуулна” гэв.

Оюутны хотхоны хувьд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Багануур дүүрэгт байгуулахаар яригдсан. Улмаар 2013 онд 11 их наяд төгрөгийн санхүүжилт гарах тооцололтой байв. Шинэ Засгийн газрын тооцооллоор Багануур боломжгүй хэмээгээд, Ховд, Дорнод, Орхон, Дархан-Уул, Дорноговь зэрэг аймагт оюутны хотхон байгуулах асуудлыг судалжээ. Энэ асуудлыг удахгүй Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх гэнэ. Тухайлбал, ХААИС-ийг ирэх жил Дархан руу нүүлгэнэ. Тус сургуулийн дөрвөн хөтөлбөрийг Дарханы сургууль руу шилжүүлэн, өнгөрсөн хоёр жил тэр чиглэлд элсэлт аваагүй талаар дэд сайд онцлов.

Мөн тэрбээр “ШУТИС-ийг Эрдэнэт үйлдвэрт түшиглэн Эрдэнэт хот руу шилжүүлнэ. Түүнчлэн Ховд, Дорнодод боловсрол, эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн сургуулиа шилжүүлэх, Дорноговь болон говийн аймгууд руу уул уурхайн сургуулиа гаргая гэсэн бодлоготойгоор ТЭЗҮ боловсруулан ирэх жилээс ажил хэрэг болгоно” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.