Байгууллага бүр ажилтан, албан хаагчдын гэр бүлийн судалгааг гаргах хэрэгтэй

2020-06-19 Гэр бүл

Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр 2019 онд 0-18 хүртэлх насны 2020 хүүхдэд аюулгүй байдлын хамгаалалт, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлсэн.  Үүнийг   2018 онтой харьцуулахад 47,5 хувиар буюу 651 хүүхдээр өссөн байна. 2020 оны 5 сарын байдлаар 537 насанд хүрэгч, 948 хүүхэд түр хамгалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвөөр үйлчлүүллээ. Үйлчилгээ үзүүлсэн хүүхдүүдийн хувьд дийлэнхи нь буюу 80.2 хувь нь гэр бүлийн орчинд эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс хүчирхийлэлд өртсөн байдаг. Гэр бүлийн нөхцөл байдлыг судлахад тухайн гэр бүлд архины хамааралтай, зан үйлийн өөрчлөлттэй эцэг эх, асран хамгаалагчтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, салсан, нийлсэн гэр бүлүүд 60 орчим хувийг эзэлж байгаа. Энэ бүхнээс дүгнэхэд гэр бүлийн тогтвортой бодлого, нөгөө л хүний хөгжлийн асуудлыг бид өөр түвшинд судлан гаргах шаардлагатай болсныг Нийслэлийн гэр бүл, хүүхэд хөгжлийн газрын мэргэжилтэн хэлж байна.

Тухайлбал, Архины зохистой хэрэглээ, архины үйлдвэрлэл, худалдааны асуудлууд, хөдөө орон нутгаас шилжин ирж байгаа иргэдэд зориулсан хөтөлбөр, гэр бүл төлөвлөлт, гэрлэлтийн асуудал, өрхийн гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийг сайжруулах, байгууллага аж ахуйн нэгж бүр ажилтан албан хаагчдын гэр бүлийн судалгааг гаргаж, эцэг эхээр дамжуулан хүүхдийн эрхийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх гэх мэт тусгайлан анхаарч ажиллах олон асуудлыг ярих шаардлагатай байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.