УЕПГ-аас олны анхаарал татсан зарим хэргүүдийн талаар мэдээлэв

2020-10-7 Мэдээ, мэдээлэл


Улсын прокурорын Ерөнхий газар (УПЕГ)-аас өнөөдөр прокурорын байгууллагын 2020 оны гуравдугаар улирлын хяналтын ажлаа танилцуулах үеэр Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат олны анхаарал татсан зарим хэргүүдийн талаар мэдээлэл өглөө.

Үүнд,

-УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд холбогдох хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа ажээ. Хэргийн тухайд, Баянхонгор аймагт нэр дэвшиж ялалт байгуулсан А.Адъяасүрэн нь нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 мянган ам долларын авлига өгсөн хэргээр АТГ-т шалгагдаж, сэжигтнээр татагджээ. Улмаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, харьяаллын дагуу Нийслэлийн прокурорын газарт хэргийг шилжүүлсэн байна. Тэрбээр УИХ-ын гишүүний халдашгүй эрх гэсэн “хамгаалалттай”-гаар хуулийн байгууллагад шалгагдаж буй аж.

А.Адъяасүрэн гишүүн жилийн 800 гаруй сая төгрөгийн орлоготой, тэрбум 500 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 800 сая төгрөгийн хадгаламж, 300 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж хөрөнгө орлогоо мэдүүлсэн билээ.

-Жи Тайм” сүлжээний н.Оюунчимэгтэй холбогдох 11386 хохирогчийн хохирлыг тодорхой хэмжээнд төлүүлэхээр болсон.

-Д.Дамба-Очир, Д.Солтан нарын хэргийг анхан шатны шүүхээр гэм буруутай хэмээсэн.

-С.Баяр, С.Баярцогт, Н.Номтойбаяр, Д.Эрдэнэбат, Ж.Эрдэнэбат нарын хэргийг анхан шатны болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн.

-Өнөөдрийн байдлаар “Жаст” Группын захирал Ш.Батхүү нарт холбогдох залилах болон мөнгө угаасан хэрэгт гэм буруутай хэргийн шүүх хуралдаан гурав дахь өдрөө үргэлжилж байгаа танилцууллаа.

-Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор  Ц.Насанбат Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг шилжүүлж авчрахаар ярилцаж байгааг мэдээллээ. Тэрбээр “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Интерполоор эрэн сурвалжлах ажиллагааг мөрдөх байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд үргэлжлүүлэн явагдаж байна. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлж авах талаар холбогдох байгууллагуудад хандсан” гэсэн юм.

-ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг тагнаж, чагнасан гэх асуудлаар Тагнуулын ерөнхий газрын 11 ажилтныг яллагдагчаар татагдсан талаарх сэтгүүлчийн асуултад тэрбээр “Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өглөө.

 

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.