Дэлхийн 150 гаруй орны 300 мянга гаруй компьютерт тархаад буй барьцааны мөнгө төлөхийг шаарддаг “WannaCry” вирус Хойд Солонгосоос гаралтай байж мэднэ гэж мэргэжлийн хэд хэдэн байгууллага таамаглаж байна. Өмнө нь Хойд Солонгосын үйлдсэн хакерын гэмт хэрэгтэй энэ удаагийн вирус кодын хувьд ижил төстэй байгааг “Google”-ийн мэргэжилтэн олж харсан байна. Мөн “Касперски Лаб”, “Symantec”-ийн мэргэжилтнүүд ч хэрэглэгчдээс барьцаа нэхдэг шинэ вирус Хойд Солонгостой холбоотой гэгддэг “Lazarus” хэмээх хакерын бүлгийн үйл ажиллагаатай төстэй болохыг илрүүлжээ. Гэхдээ вирусийг “Lazarus” тараасан эсэхийг бүрэн нотлоогүй байгаа аж. “Lazarus” хэмээх энэ бүлэг 2014 онд “Sony Pictures” болон дэлхийн олон банкийг хакердаж, мэдээллийг нь ил гаргаж байсан юм. “Sony Pictures”-ийг хакердсан нь тус студи Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны тухай хошин кино хийж цацсанаараа тус улсын эрх баригчдын дургүйцлийг төрүүлсэн билээ.
Кибер гэмт хэрэгтнүүдийг барих хэцүү ч “WannaCry” вирусын ард хоёр өөр баг байж магадгүй гэж таамаглаж байна. Учир нь энэ вирусийг хоёр өөр кодоор бичиж тараажээ. Гэхдээ тийм ч өндөр түвшний мэргэжилтэн энэ вирусийг бичээгүй нь хийцээс нь харагдаж буй бөгөөд олон улсын хамтарсан баг энэ вирусийн эсрэг ажиллаж байна.
Хэрэглэгчийг компьютерээс нь гаргаж, файлуудыг нь нууцлан түгжээд, мэдээллээ эргүүлэн авахын тулд мөнгө төл гэж шаарддаг энэ вируст одоогоор 60 гаруй мянган долларыг хохирсон иргэд төлжээ. Гэвч барьцаа төллөө гээд компьютерийнхээ үйл ажиллагааг сэргээх найдваргүй учраас мөнгө төлөхгүй байхыг Европын цагдаагийн газраас анхааруулж байгаа юм.
Б.Номун
14 цагийн өмнө
16 цагийн өмнө
18 цагийн өмнө
18 цагийн өмнө
Өчигдөр
87385
30525
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.