Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэллээ

2020-09-30 Мэдээ мэдээлэл

Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаа өнөөдрөөс /2020.09.30/ эхэлж байна. Сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчдэд үнэмлэх олгосон өдрөөс буюу 2020.09.30-ны өдрөөс 2020.10.13-ныг дуустал хугацаанд болно.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 38.2 дахь хэсэгт сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулахаар заажээ. Үүнд:

  • сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах;
  • нийтийн эзэмшлийн гудамж, талбайд сонгуулийн сурталчилгааны зурагт самбар байрлуулах;
  • хуульд өөрөөр заагаагүй бол намын далбааг гудамж талбайд байрлуулах, таних тэмдэг, уриа ашиглах;
  • сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх;
  • ухуулах байр ажиллуулах;
  • радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах;
  • цахим орчин ашиглах;
  • өдөр тутмын болон бусад сонин, сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх.
  • Сонгуулийн сурталчилгааны уулзалт, хандивын талаар сонгогчдод зар, урилга явуулсныг сурталчилгааны хэвлэмэл материалд оруулан тооцохгүй бөгөөд ийм төрлийн зар, урилга нь А5 хэмжээнээс илүүгүй байна.

АЙМАГ, НИЙСЛЭЛ, СУМ, ДҮҮРГИЙН ИТХ-ЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИАС

47 дугаар зүйл.Хууль бус сурталчилгааг хориглох

47.1.Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

47.1.1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх;

47.1.2.нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх;

47.1.3.сонгогчийг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах;

47.1.4.ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх;

47.1.5.хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах;

47.1.6.сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах;

47.1.7.хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх.

47.2.Улс төрийн намаас зөвхөн гишүүдийнхээ хүрээнд зохион байгуулсан сургалт, уулзалтыг сонгогчдын саналыг татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамааруулахгүй.

47.3.Сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч болон түүний менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно.

47.4.Төрийн улс төрийн албан хаагч сонгуулийн сурталчилгаанд оролцож болно.

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.