ОНЬСОН ТОГЛООМ ШИГ ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ ОНЛАЙНААР УДИРДАХУЙ

2020-09-30 Нийгэм

П. Даваажаргал

Даваа гарагийн өглөө яарч, сандарсан хүмүүс зам дагуу түргэн түргэн алхаж, түгжрэлд бухимдсан жолооч нар үе үе дуут дохиогоо хангинуулах хэзээний танил дүр зураг үргэлжилнэ. Өдрөөс өдөрт өргөжин тэлж, өнгө нэмж буй их хотод хөгжил дэвшил олон бий. Гэвч асуудал бэрхшээл ч цөөнгүй. Нэгэн цагт урд ууланд нь буга согоо идээшилж, хотын төвөөр нь морин тэрэг хөндлөн гулд давхиж, үхэр, адуу тааваараа бэлчдэг байсан Улаанбаатар өдгөө автозамын түгжрэл гэх “шүдний өвчтэй” болсон. Түүнээ эмчлэн, эрүүлжүүлэх гэж бишгүй олон арга хэрэглэж буй. Тэдгээрийн нэг нь автозамын хөдөлгөөнийг хөдөлгөөнт камераар хянаж, онлайн гэрэл дохионы тусламжтай зохицуулах дэвшилтэд арга юм. Нийслэл хотод ажиллаж, амьдарч буй хэн бүхний сонирхлыг татах Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулах багийн ажлын нэг өдрийг сурвалжиллаа.

09:00 цаг Нэг талын хана тэр чигтээ дэлгэц бүхий өрөөнд орсон нь Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Удирдлага, хяналтын хэсэг байв. Тэдгээр дэлгэцэд автомашины өнгө, марк, улсын дугаар төдийгүй гарцаар гарч буй явган зорчигчид тодхон харагдана. Дэлгэц бүрийн зүүн доод буланд “Их дэлгүүр, “Баруун 4 зам”, “Энхтайвны гүүр”, “Өргөөгийн уулзвар”, “Багшийн дээд”, “Их Монгол”, “Тасганы овоо”, “Төв шуудан” гэх мэтээр хаяг байршлыг тодорхой бичжээ. Мөн дэлгэц тус бүрд 419, 227, 613 зэрэг код наасан байв. Автозамын хяналтын камер нягтаршил сайтай тул дэлгэцэд үзэгдэх дүрс тод гэж жигтэйхэн.

Арслантай гүүрнээс багшийн дээд чиглэлийн зам дагуу автобус, машинууд алгуурхан урагшилж харагдана. Шил шилээ даран эгнээ байраа эзэлсэн автобуснуудын хамгийн ар талын шар автобус дотор байсан бол дэмий л цонхоор ширтэж зогсох байсан биз. Харин ийнхүү том дэлгэцээр харах тун ч сонирхолтой санагдав. Ханан дахь дэлгэц бүрийн аль нэг хэсэгт дулаан шаргал, тунамал ногоон өнгө сүлэлдсэн намрын модод мөчрөө сагсалзуулан салхины аясаар ганхах нь орчныг улам ч өнгөлөг болгох аж. Анх удаа их хотыг өргөн дэлгэцээр ширтэж, тод томруунаар тольдож буй би ангайх шахам орчныг ажих зуур, хөдөлгөөн зохицуулах багийнхан тасралтгүй ажилласаар. Дотуур холбооны утас, цагдаагийн станц байн байн дуугарч, мэдээлэл солилцох аж.

“425 –ийн хойноос татъя”, Улсын нэгдүгээр төв эмнэлэг чигт суначихлаа”, Урдаас нь хэдэн минут авчих” зэрэг анх сонсож буй үл ойлгох нэр томьёогоор ярилцах нь улам ч сонирхол татна. Дэлгэцүүдийн чанх эсрэг талд, урт ширээний ард зэрэгцэн суух бөгөөд өөр өөрсдийн компьютерээр замын хөдөлгөөнийг татаж, томруулж харах юм. Тэртээх XXV эмийн сангийн өмнөх бүх үйл явцыг алган дээр байгаа мэт тольдох нь гайхам. Тэд замын дэлгэц бүрийг анхааралтай ажиж, удаашрах хандлагатай замын хөдөлгөөний чиглэлийг урьдчилан тооцож гэрэл, дохио болон хөдөлгөөн зохицуулагчийн тусламжтайгаар түгжрэлээс урьдчилан сэргийлж ажилладаг байна. Дэлгэц бүхэнд харагдах автомашины цуваа, тасралтгүй дуугарах станц, дэргэдэх хүнтэйгээ ч үг солих завгүй ажилтнуудыг харваас замын хөдөлгөөн ачаалалтай байгаа нь илт.

11:00 цаг Станцын дуу намжиж, өнгө алаглан мэлтэлзсэн дэлгэцүүдэд хөврөх автомашины хөдөлгөөн сийрэгжиж эхэллээ. Хоёр цаг орчим тэдний яриаг сонсож, дэлгэц дэх хөдөлгөөнийг харсаар бага зэрэг ойлголттой болов. Адаглаад “суначихлаа” гэдэг нь замын хөдөлгөөн удааширч, автомашины урт дараалал үүсэхийг нэрлэж байгааг ойлголоо. Ийнхүү завгүй ажиллах багт Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн хоёр мэргэжилтэн, Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн гурван алба хаагч багтжээ. Өглөөнөөс хойш ажиж, суусан хүмүүстэйгээ тухтайхан ярилцах зав арай гэж гарав.

Хөдөлгөөн зохицуулах мэргэжилтэн Б.Доржсэмбэ Шинжлэх ухаан технологийн үндэсний их сургуулийн Мэдээлэл холбоо, технологийн сургуулийг Электроникийн инженер мэргэжлээр төгссөн бөгөөд өдгөө дөрөв дэх жилдээ тус байгууллагад ажиллаж буй. Тэрбээр “Ер нь аль ч өдөр ажил цуглах, тарах болон цайны цагийн үед ачаалал ихтэй байдаг. Бусад цагт харьцангуй сэлүүхэн. Манай хэлтэс найман хөдөлгөөн зохицуулах мэргэжилтэнтэй. Бид 8/16 цагаар дөрвөн ээлжээр ажилладаг. Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийн цагдаа нартай хамтран замын хөдөлгөөнийг зохицуулах, ачаалал, түгжрэлээс урьдчилан сэргийлж гэрэл, дохиогоор дэмжиж ажилладаг. Нэг удаа гэрэл зохицуулалт хийхдээ 250 секундээс илүү барьдаггүй. Хэрэв тэгвэл явган зорчигчид зам хөндлөн гүйх, осол аваар гарах эрсдэлтэй.

Мөн нэн шаардлагатай тохиолдолд онцгой байдал, түргэн тусламжийн машины замыг чөлөөлж зохицуулалт хийдэг” хэмээн ажлаа танилцуулсан юм. Ийнхүү ярих зуураа аль нэг замын хөдөлгөөнийг сонгож, дэлгэцнээ томруулан, эргэн тойрныг харна. Энэ үед дотуур холбооны утас дуугарч “Вива Сити” хотхоны явган хүний гэрлэн дохио хэвийн ажиллаж эхэлснийг дуулгав. Өнгөрсөн шөнийн ээлжид Баянхошууны Жанцан, “Вива Сити” хотхоны явган хүний гэрлэн дохионы эвдрэл бүртгэгдсэнийг тус албаны инженерүүд засаж, хэвийн ажиллагаанд оруулан, эргэн мэдээлж буй нь энэ аж. Тодруулбал, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтэс Улаанбаатар хот дахь замын гэрэл, дохионы засвар үйлчилгээ, бүрэн бүтэн байдлыг хариуцан ажилладаг байна. Тус алба найман хөдөлгөөн зохицуулах мэргэжилтэн, гурван судалгааны ажилтан, гурван инженер, нэг ахлах, хэлтсийн дарга гэсэн 16 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг аж.

13:00 цаг Их хотод намрын налгар өдөр алгуурхан урсан одсоор. Дэлгэц бүрээс өөр өнгө төрх, содон дүр зураг үзэгдэнэ. Нэгэн цаг хугацаанд, нэг хотын гудамжинд нэг байшингийн наана, цаана тэс өөр аж амьдрал өрнөхийг нэгэн агшинд тольдон суухуйд хүний амьдралын хором бүр ахин давтагдашгүй юм даа гэх бодол өөрийн эрхгүй төрнө. Замын цагдаагийн зохицуулалтыг нэг бүрчлэн мөрдөх жолооч байхад, тэс хөндлөн давхиж ороод зохиомол түгжрэл үүсгэдэг нэгэн байх юм. Тэр бүрийд хүн хүний хандлага, хотын соёлын түвшинд төвөггүйхэн мэдэгдэх аж. Ийнхүү ажин суутал, Баянбүрдийн тойрогт хоёр машин шүргэлцэж орхив. Улмаар хэдэн минутын дотор тус хэсгийн хөдөлгөөн удааширч эхлэв. Тус хэсэгт цагдаа, зохицуулагч хараахан очиж амжаагүй байгаа тул Б.Доржсэмбэ замын хөдөлгөөнийг дэмжиж, гэрлээр зохицуулалт хийв.

Ингэхдээ тус хэсгийн камерыг хэдэнтээ томруулан татаж, Тасганы овоо, Хүнсний VI дэлгүүр, 100 айл чиглэлийн хөдөлгөөнийг сайтар нягталсны эцэст зохих чиглэлийн гэрлэн дохиог тодорхой хугацаанд асааж, заримыг нь унтраана. Улмаар хөдөлгөөн сийрэгжсэний дараа хэвийн горимд шилжүүлнэ. Ингэхдээ бусад чиглэлийн хөдөлгөөн болон явган зорчигч нарт хүндрэл учруулахгүйн тулд дөрвөн минутаас илүүгүй хугацаанд зохицуулалт хийдэг аж. Гэвч түүний энэхүү нүсэр зохицуулалтыг хэрхэн хийж буйг дэргэдээс нь харахад итгэмгүй. Хоёр дэлгэцтэй компьютерынхаа нэг дэлгэцэд замын хөдөлгөөнийг хэдэнтээ томруулж, эргэн тойрныг ажсны дараа, нөгөө талын дэлгэц дээр гэрлэн дохионы автомат тохируулга хийж батлах товч дарна. Нэг минутаас ч бага хугацаанд ийнхүү ачааллыг тооцож, замын хөдөлгөөнийг зөв голидролд оруулна гэдэг мэдрэмж, мэдлэг шаардсан ажил гэдэг нь тодорхой.

Тэрбээр “Иргэд цагдаа замын хөдөлгөөнд зохицуулалт хийж байхад гэрлэн дохио хүлээгээд зогсоод байдаг. Эсвэл “Ногоон гэрэл асчихлаа” гээд цагдаагийн зохицуулж байгаа хөдөлгөөний дундуур гүйж ороод хүндрэл учруулдаг. Тухайн замын хөдөлгөөнд цагдаа зохицуулалт хийж байгаа тохиолдолд зохицуулагчийн дүрэм нэгдүгээрт байх ёстой. Мөн зарим тохиолдолд “Явган хүний гэрэл удаан аслаа” гэж бухимддаг. Энэ бүхний цаана замын хөдөлгөөнийг зөв голидролд оруулах, түгжирч зогсохоос сэргийлсэн арга хэмжээ явагдаж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Мэдээж тооцоо, судалгаанд тулгуурлан хийдэг” хэмээн тайлбарласан юм.

15:00 цаг Хяналтын камер, онлайн гэрэл дохионы тусламжтайгаар замын хөдөлгөөнийг зохицуулахаас гадна зам тээврийн осол, гэмт хэргийг түргэн шуурхай илрүүлэх, мэдээлэх ач холбогдолтой. Улмаар хэргийг мөрдөн шалгах явцад баримт болдог аж. Тодруулбал, 2010-2019 онд 45502 зам тээврийн ослын бичлэг бүртгэгджээ.

Түүнчлэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм зөрчсөн жолоочийг илрүүлэх, дахин дүрэм зөрчихөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм. Ийн хяналтын камерын ашиг тустай танилцаж дуусаагүй байтал, зүүн дөрвөн зам орчимд явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарч яваад машинд дайруулсан хэрэг бүртгэгдэв. Улмаар хоёр эгнээ зам хааж зогссоноор Энхтайвны гүүр, Багшийн дээд, Төв шуудангийн хөдөлгөөнд нөлөөлж эхэллээ. Ерөөс автозамын сүлжээн дэх осол, гэмтэл том жижиг, хол ойроос үл хамааран бусад чиглэлийн хөдөлгөөнд нөлөөлдөг байх юм.

Хөдөлгөөн зохицуулах багийн салшгүй нэг хэсэг бол Тээврийн цагдаагийн албаны Замын хөдөлгөөн зохицуулах хэлтсийнхэн. Тэд 06:30-15:00 цагт Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Удирдлага хяналтын хэсэгт байрлан, тус төвийн хөдөлгөөн зохицуулах мэргэжилтнүүдтэй хамтран хөдөлгөөн зохицуулалт хийдэг аж. Цагдаагийн ахмад М.Мөнгөнтулгаас тэдний ажил үүргийн талаар тодруулахад “Манай хэлтэс 18 хүний бүрэлдэхүүнтэй. Өнөөдөр ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч М.Гарьд, зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Баярбат нарын хамт үүрэг гүйцэтгэлээ.

 Бид автозамын хяналтын камеруудыг ашиглан, төвийн бүсийн зургаан дүүрэгт хөдөлгөөн зохицуулалт хийдэг. Ингэхдээ тухайн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагчтай станцаар холбогдож, хөдөлгөөний ачаалал хаанаас аль чиглэлд их байгаа, хаа хүртэл сунаж, удааширсан байгаа тухай мэдээлэл, чиглэл өгнө. Мөн хөдөлгөөн зохицуулах мэргэжилтнүүдтэй хамтарч гэрэл, дохионы зохицуулалт хийдэг. Одоогийн байдлаар хүн мөргүүлсэн хоёр, машин шүргэлцсэн дөрвөн ослын тохиолдол камерт бичигдсэн байна” гэж тайлбарласан юм.

Тэрбээр “Манайхан тэвчээргүй. Хэдхэн хоро хүлээхгүй нэгнийхээ урд орох гэж дайрдаг. Эгнээ байраа буруу эзэлж зогсдог. Зарим нь зүүн эргэх эгнээний хамгийн урд гараад зогсчихдог. Хөдөлгөөнд оролцож байхдаа утсаар ярьдаг. Үүнээс болж шүргэлцэнэ, цаашлаад бусад уулзварын хөдөлгөөнд нөлөөлж, ачаалал үүсгэдэг. Хүн бүр үүргээ ухамсарлаж, замын хөдөлгөөнд хариуцлагатай, соёлтой оролцвол замын ачаалал, түгжрэлийг бууруулах боломжтой” гэдгийг онцолж байсан юм. Түүний хэлснийг гэрчлэх шиг гарцгүй газраар зам хөндлөн гүйх явган зорчигч, хайш яйш өрсөн хүүхдийн тоглоом шиг эв хавгүй зогссон машинууд хэд хэдэн дэлгэцнээ тодрон харагдана.

16:30 цаг: Б.Доржсэмбийн хамтрагчийг Б.Ичинхорол гэдэг. Тэрбээр электроникийн инженер, эрхзүйч мэргэжилтэй бөгөөд хөдөлгөөн зохицуулалтын мэргэжилтнээр тав дахь жилдээ ажиллаж байгаа гэнэ. Нэг ээлжинд хоёулаа гардаг өдрийн цайнд орох, ажлын шугамаар бусад мэргэжилтнүүдтэй уулзахаар өрөөнөөс гарахдаа нэгэнтэйгээ зөвшилцөнө. Учир нь, хяналтын камерыг үргэлж ажиглаж байх ёстой.

Б.Ичинхорлоос ажил, мэргэжлийнх нь тухай асуухад “Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад гар бие оролцож байгаадаа баяртай байдаг. Заримдаа гэрлээр зохицуулах зохицуулах боломжгүй болтлоо түгжрэх үе ч бий. Иргэдийг амгалан, аюулгүй зорчуулахын тулд энд маш олон хүн хэрхэн ажиллаж буйг мэдэхгүй болохоор зарим нь утсаар залгаж, бухимдлаа илэрхийлнэ. Ажил, мэргэжлийн онцлог учраас хүндээр хүлээж авдаггүй” гэсэн юм. Мөн ubtraffic.mn сайтаар нэвтэрч, энэ өрөөнд харагдаж буй бүх камерын бичлэгийг шууд үзэх, хүссэн чиглэлийн замын хөдөлгөөний нягтаршлыг харж, зорчих газраа төлөвлөх боломжтойг мэргэжилтнүүд сануулж байсан юм. Зөвхөн сайтаас гадна гар утасны аппликейшн хэлбэрээр утсан дээрээ татаж, өдөр тутам ашиглах боломжтой аж. Ээлж солигдох дөхсөн тул тэд ширээн дээрх бичиг, цаасаа цэгцэлж, ээлж хүлээлцэх дэвтэртээ тэмдэглэл хөтөлж эхлэв.

Бид дэндүү завгүй их хотын амьдралд хэдийн дасчихсан мэт. Нийслэл хотыг өнгө нягтаршлын өндөр түвшинд ажин суух зуураа дандаа яарч, сандарч явдгаа анзаарав. Нээрээ л бид гурван минутын дараа асах ногоон гэрэлийн төлөө бухимдаж, болж өгвөл бусдаас өрсөх гэж зүтгэдэг аж. Хотын хөгжилд иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг хүн бүр мэддэг ч хэрэгжүүлдэг нь даанч цөөхөн. Түгжрэлгүй замаар сүнгэнэтэл давхихыг хүсдэг хэрнээ үүргээ биелүүлдэг хариуцлагатай жолооч, зорчигч ховор юм. Таван минут хожих гэсэн амиа бодсон үйлдлээс болж нийтээрээ 50 минут түгжирнэ.

Учир нь, автозамын сүлжээ гэдэг нэг л шоглоомыг буруу өрвөл, гарах гарцгүй гацдаг оньсон тоглоом шиг нарийн уялдаа холбоотой байдаг аж. Харин дүрмийн дагуу замын хөдөлгөөнд оролцвол 10 минутаас багагүй хугацаанд замын хөдөлгөөн хэвийн горимд шилжинэ. Яагаад гэвэл, нийслэлийн замын хөдөлгөөнийг дөрвөн зүг, найман зовхисоос хянаж, тооцоолон, удирдан чиглүүлж буй. Нэгэнт автозамын ачааллаас хэтэрсэн, тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа учраас дор бүрнээ ухамсартай, хариуцлагатай байх нь чухал юм.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.