Цэрэгжилтийн спортын шилдгүүдийн тэмцээн эхэллээ

2020-09-21 Мэдээ, мэдээлэл

Зэвсэгт хүчний 2020 оны аварга шалгаруулах Хуурай замын цэргийн командлалын нэрэмжит цэргийн 3 төрөлт, цэрэгжлийн буудлага, мэргэн буудагчийн 2 төрөлт, саадын зурвасын тэмцээн Хужирбулан дахь Сургалтын төвд эхэллээ. Энэхүү тэмцээнд Зэвсэгт хүчний 36 нэгтгэл, анги, байгууллагын 400 гаруй цэргийн алба хаагч хурд, хүч, авхаалж, самбаа, эр зоригоо сорин өрсөлдөж байгаа бөгөөд тэдний дотор цэрэгжлийн спортын мастер, дэд мастер 40 гаруй, цэрэгжлийн спортын зэрэгтэй тамирчид 50 шахам, их спортын олон улсын хэмжээний мастер, спортын мастер, дэд мастерууд 10 гаруй байна. Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, Зэвсэгт хүчний Жанжин штабын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Ш.Гантулга тэргүүтэй ЗХЖШ-ын удирдлагууд, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч, баг тамирчид оролцож байна.

Хошууч генерал Ж.Бадамбазар тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Зэвсэгт хүчний 2019-2020 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний 2020 оны аварга шалгаруулах Хуурай замын цэргийн командлалын нэрэмжит цэргийн 3 төрөлт, цэрэгжлийн буудлага, мэргэн буудагчийн 2 төрөлт, саадын зурвасын тэмцээнүүдэд баг тамирчдаа бэлтгэн оролцуулсан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагч болон тамирчдадаа баярлалаа. Энэ жилийн уралдаан тэмцээнүүд өмнөх жилүүдийнхээс өөрийн онцлогоороо ялгарсан тэмцээн болж байна. Дэлхийн нийтийг хамарсан “COVID-19” цар тахлаас шалтгаалан хаврын улиралд явагдах байсан уг тэмцээнүүд хойшлогдож намрын улиралд явагдаж байгаарай онцлог болж байна. Бид жилийн тэмцээн уралдааны дүнгээ Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний цугларалтаар гаргадаг байсан бол энэ жилийн дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин гарсантай холбоотойгоор жилийн эцсээр дүнгээ гаргахаар шийдвэрлээд байна. Өнөөдрийн тэмцээнд цанын спортын олон улсын хэмжээний мастер 3, хөнгөн атлетикийн спортын мастер 5, буудлагын спортын дэд мастер 2, цэрэгжлийн спортын мастер 8, дэд мастер 14, цэрэгжлийн спортын зэрэгтэй 37 тамирчин оролцож байгаа нь энэхүү тэмцээний ач холбогдлыг харуулж байна. Алс хязгаараас тэмцээнийг зориод ирсэн Зэвсэгт хүчний ангиудын удирдлага, алба хаагчдадаа талархснаа илэрхийлье” гээд нийт баг, тамирчдад өндөр амжилт хүслээ. Энэ удаагийн тэмцээнд алба хаагчдаас гадна цөөнгүй нэгтгэл, ангийн захирагч нар оролцсон нь Зэвсэгт хүчний 345 дугаар бригадын захирагч, бригадын генерал Л.Гансэлэм, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагч, хурандаа Д.Дугаррагчаа, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн захирагч, хурандаа Г.Чулуунзагд нар байлаа. Тэд цэрэгжлийн буудлагын тэмцээнд оролцож байгаа нь тэмцээний өрсөлдөөнийг улам чанаржуулж байна гэж албаныхан дүгнэж байсан юм.

Нээлтийн үеэр цэрэгжлийн спортын цол, зэргийн болзол хангасан тамирчдад цол, цэргийн үнэмлэхийг ЗХЖШ-ын орлогч дарга, Зэвсэгт хүчний цэрэгжлийн спортын холбооны тэргүүн, хошууч генерал Ж.Бадамбазар, Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр, ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Ш.Гантулга нар гардуулан өгч баяр хүргэсэн юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.