Эрх мэдлээ урвуулж, бүлэглэн завшигчид

2020-09-18 Нийгэм

Энэ мэдээлэлд Ховд аймгийн чухал албан тушаал хашиж байсан болон хашиж байгаа зарим нөхдийн хууль бус зүйлүүдийг илчлэн гаргасан болно 


1. Орон сууцны луйврын түүх

Өнөөдөр аливаа эрх дарханд хүрч, албан тушаал хаших болсныгоо гавъяа байгуулсан мэтээр төсөөлөн, дөвийлгөж, хувийн авир зан, ашиг сонирхлыг олны хүсэл зоригоос илүүд сэтгэх, энэ байдлыг сануулж анхааруулах төдийд, “тийм бусармаг зүйл хийх хүн би бишээ” гэх мэтээр огт гэмгүй царайлан, ширэн нүүрлэх нь нэн элбэг болсон. Энэ тоотыг цуглуулан бүртгэх гэвээс чамгүй арвин сан хөмрөг үүсэх нь магад боловч бичвэрийг танан, гол асуудалд олны анхаарлыг чиглүүлэх үүднээс тодорхой жишээ, баримтыг энд өгүүлье.
2016 оны сонгуулийн дүн гарснаас хойш хэдхэн хоногийн дараа Ховд аймгийн ИТХ-аас нэгэн тогтоол үйлдэгдсэн нь тэр даруйдаа нууцлагджээ. ИТХ өөрийн цахим хуудсанд, гаргасан бүх тогтоолуудыг дугаарын дагуу нийтэлдэг ч учир битүүлгээр дунд нь завсар гарах явдал бас байдгийг “ажиглагчид” олж харсан байна. Тэрхүү учир битүүлгийг тодруулахаар мөшгөн судалсны эцэст “ажиглагчид” тухайн оны 07 сарын 04-ны өдөр бөөндөн гаргасан 75, 76, 77 дугаар /хууль бус/ тогтоолуудын эх хувийг гаргуулан үзэж, хуулбарлан авчээ.
Тогтоолын утга нь: Ховд аймгийн төвд байршилтай Эсба компаний барьсан “ЭСБА-80” гэх 9 давхар орон сууцны барилгаас тухайн үед ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Баярсайханд 84,9 сая (үндсэндээ 85.0 сая) төгрөгийн үнэтэй 74,2 метр/кв талбай бүхий, 3 өрөө, мөн Засаг даргаар ажиллаж байсан Д.Цэвээнравданд 78,2 сая төгрөгийн үнэтэй 68,3 метр/кв талбайтай, мөн 3 өрөө, аймгийн Аудитын газрын даргаар ажиллаж байсан Л.Галбадрахад Төрийн орон сууцны корпорациас бариулсан 120 айлын орон сууцнаас 112 сая төгрөгийн үнэтэй мөн 3 өрөө байрыг тус тус олгож, үнийг нь төсвөөс төлөх тухай юм.
ӨӨРСДӨӨ, ӨӨРСДӨДӨӨ зориулан гаргаж, өөрсдөө гарын үсэг зурж баталгаажуулсан уг шийдвэрийнхээ үндэслэлийг юу гэсэн байна гэвэл “Д.Цэвээнравдан нь сум, аймгийн төр захиргааны байгууллагад 26 жил үр бүтээлтэй ажилласан, аймгийн Засаг дарга байхад нь Ховд аймаг улсын тэргүүний аймгийн тоонд багтсаны тул, мөн Б.Баярсайхан нь нам, улс төр, төр захиргааны байгууллагад олон жил ажилласан, 2012-2016 онд Ховд аймгийн ИТХ-ын дарга байхад нь Ховд аймийн хөгжлийн стратеги, Хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлого, Хөшөөт төслийн талаар баримтлах бодлого, Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэсэн бодлогын баримт бичиг боловсруулагдсаны учир, харин Л.Галбадрахын хувьд 30 жил аймгийн төр захиргаа, нам улс төрийн байгуулагад ажилласны тулд ийнхүү өндөр үнэтэй орон сууцуудыг шагнал болгон авах нь зүйтэй гэсэн байгаа юм. Үнэнхүү инээд хүрэхээр барахгүй савж унамаар, басхүү зэвүү, дургүй хүрэхээр барахгүй үнэнхүү гол гонсоймоор сэдэл, үйлдэлийг ийнхүү хийжээ.
ТЭРХҮҮ ЯДМАГХАН ҮНДЭСЛЭЛИЙГ нь өчнөөн зүйлээр няцааж болохын хамгийн наад захын жишээ гэвэл 2012-2016 оны дөрвөн жилийн мөчлөгийн сүүлийн хагасд Монгол улс, түүний дотор Ховд аймаг эдийн Засгийн хувьд цөлмөгдөж дуусаад, элгээрээ хэвтсэн, удирдлагад байсан нөхөд /дээрх гурван албан тушаалтан/ бодлогын том, том алдаа гаргаж, улс, хувийн хэвшлийн хөрөнгөөр баригдсан “Эвийн хүч” худалдааны төвийг өөрсдийн шунахайн сэдлийн бай болгож, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд нь хуулийн байгууллагад шилжсэн, тухайн үедээ 2011 онд төсвийн хууль шинэчлэгдэн, 2012, 2013 оноос орон нутгийн төсвийн эрх мэдэл нэмэгдэж, Ховд аймаг урьд жилүүдийнхээс хэд дахин илүү санхүүгийн нөөц боломжтой болсон боловч, ач холбогдолгүй, үр өгөөжгүй үй олон хөрөнгө оруулалт төлөвлөн баталж, үлэмж их мөнгө хөрөнгийг гарын салаагаар урсгаж, завшсаны уршгаар аймгийн эдийн засгийн хувьд үндсэнд нь хоосруулсан болохыг хөндлөнгийн мониторингоор тогтоогдсон (Нээлттэй нийгэм форум, Ховдын толь ТББ-ын хийсэн хяналт шинжилгээ), гэх мэт таагүй зүйлсийн зах зухыг нь дурьдаж болно.
Д.Цэвээнравдан, Л.Галбадрах, Б.Баярсайхан нар тийм “АЛИА, МАРЗАН” үндэслэл бүхий нууц тогтоол гаргаж, хөрөнгө завшмагцаа, тэрхүү тогтоолоо нуусны учир гэвэл уг үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй, луйврын үйлдэл учраас тэр юм.

ЯАГААД ЛУЙВРЫН ҮЙЛДЭЛ ГЭЖ БАЙГААГ ОДОО ТАЙЛБАРЛАЯ !

НЭГ: Хувьчлах нэрээр албан тушаалтнууд өөрсдөдөө зориулсан тогтоол гаргаж, бэлэг болгон авсан дээрх орон сууцнуудын хоёр орон сууц нь 2013 онд Ховд аймагт дутагдалтай байгаа өндөр нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийг урьж ажиллуулахын тулд тэднийг орон сууцаар хангах шийдвэрийн дагуу, тухайн жилийн орон нутгийн төсвөөс 300.0 сая төгрөг гарган, худалдаж авсан таван айлын орон сууцны нэг хэсэг бөгөөд түүний хамгийн том тохилогт нь, уригдан ажилллах нарийн мэргэжлийн мэргэжилтнүүд бус харин Засаг дарга Д.Цэвээнравдан, ИТХ-ын дарга Б.Баярсайхан нар гэр бүлээрээ залран орсон байсан. Энэ нь эрх мэдлээ урвуулан ашигласан авилгын гэмт хэрэг боловч, хэлж ярьдаг хүн огт байхгүй учир улам эрэмшсээр, сүүлдээ ийнхүү хувьчлах хөрөнгийн жагсаалтанд байсан орон сууц мэтээр баримт үйлдэж, тогтоол гаргасан нь яавч хуульд нийцэхгүй зүйл юм.
ХОЁР: Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 2-ын 3-д /орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах болон хувьчлах орон нутгийн эд хөрөнгийн жагсаалтыг батлахдаа Төрийн өмчийн хороотой зөвшилцөнө/ гэж заасныг үл хэрэгссэн
ГУРАВ: Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зургаа дугаар зүйлийн 6-ын 3, 4, 5 дахь заалт, арван нэгдүгээр зүйлийн 11-ын 1, арван хоёрдугаар зүйлийн 12-ын 1 дэх заалтууд, мөн арван зургаадугаар зүйлийг бүхэлд нь, тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн хоёрдугаар зүйлийн 2-ын 1, 2, 3, 4 дэх заалт, долоодугаар зүйлийн 7-ын 1 дэх заалт, арван долдугаар зүйлийн 17-ын 1, 2 дахь заалт, хорин хоёр дугаар зүйлийн 22-ын 1, 2, 8, 9 10 дахь заалт, Авилгын эсрэг хуулийн 270 дугаар зүйлийн 270-ын 1, 2 дахь заалт, Төсвийн тухай хуулийн далдугаар зүйлийн 70-ын 5 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн далан долоо дугаар зүйлийн 77-гийн 3 дахь заалт, түүнчилэн Захиргааны ерөнхий хуулийн нэжгээд олон заалт, ЗЗНДНТУ-ын тухай хуулийн тодорхой заалтуудыг ноцтой зөрчсөн эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.

2. АТГ болон хууль, шүүхийнхэн хэргийг хэрхэн замхруулав

Ийм учраас намын нэрээр төрийг “цалигчилан”, албан тушаал, эрх мэдлээ урвуулж, бусармагийг үйлдсэн энэхүү үйлдлийг нь тандаж мэдсэн нэр бүхий ТББ, иргэд уг хууль бус үйлдлийг нь зогсоож, залруулах үүднээс Ховд аймгийн Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан (уул нь цагдаа прокурорт хандаж эрүүгийн хэрэг үүсгүүлэх ёстой ч нэхэмжлэл гаргагсад өрөвч сэтгэлээр ханджээ) боловч, тус шүүхийн шүүгчид эрх мэдэлтэн, эвэртэн тууриатнуудад тал засан хуйвалдаж, тэр нэхэмжлэлийг хүлээж авахгүй хэмээн тас гүрийжээ. Нэхэмжлэгчид давж заалдаж, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан үзээд, буруутган, хүчингүй болгож, энэ байдал хоёронтоо давтагдсан боловч эцэст нь ХОВДЫН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ШҮҮХ-ийнхэн бүхий л арга чаргаа хэрэглэн, уг нэхэмжлэлийг хүлээн авалгүйгээр “усруулж” санаандаа хүрсэн байна. Нэхэмжлэлийг ийнхүү зориудаар дарагдуулах ажиллагаанд шүүгчид улайран шамдсаны учир гэвэл тухайн шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сонинболор нь хэргийн хариуцагч Б.Баярсайханы хадам дүү байсантай холбоотой аж. Шүүгч болон хэргийн хариуцагчийн хооронд ийм холбоо сүлбээ, ашиг сонирхлын зөрчил байгааг илчилсээр атал дээд байгууллагууд нь (Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүгчдийн ёс зүйн хороо) огт ойлгохгүй байгаа юм шиг дүр эсгэж, эс хайхарсан байдаг. Үүгээр зогссонгүй энэхүү бусармаг үйлдлийг сонгуулийн дараа эрх тушаалд хүрсэн аймгийн ИТХ-ын дарга Г.ПҮРЭВГАНДИ нар хамгаалан, шүүхэд уг үйлдлийг зөвтгөсөн тайлбар гаргаж өгсөн байдаг. Энэ нь магад “дараагийн ээлжинд боломж таарвал …” хэмээн өөрийнхөө замыг засаж буй явдал гэж бүрнээ хардаж болохоор байгаа юм.
Баярсайхан, Цэвээнравдан нарын энэ асуудлыг 2015 онд Авилгатай тэмцэх газарт өгч шалгуулсан боловч АТГ-ын мөрдөн байцаагч БАТБОЛД гэгч нөхөр Цэвээнравдантай ашиг сонирхлоороо нэгдсэн үү, эсвэл дээд албан тушаалтны даалгавар биелүүлсэн үү бүү мэд, үзээ хараа ямар ч, хуульч, мөрдөн байцаагчийн шаардлагагүйгээр ноцтой гэмт хэрэг болох нь ойлгогдож байсан ийм тодорхой асуудал дээр мэдэн будилж, шалгасан дүр үзүүлж булзааруулан, уг гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож орхисон юм. Мөрдөн байцаагч Батболд нэр бүхий гэрчийг асууж байх үед нь Засаг дарга Цэвээнравдан утасдаад “Чи хэзээ ирчихвээ, ирчихээд надад хэлдэггүй, би чамайг тохитой зочид буудалд байрлуулая. Хоёулаа уулзая. Хэдийд зав гаргаж болохоор байна. Юу дутагдаж байна хэлээрэй” гэхэд нь гэрчийн дэргэд нөгөө байцаагч эвгүйрхэн түгдэрч, “надад юм хэрэггүй. Би болж байна, болж байна” гэж байсныг нь мөнөөх гэрч асуудалгүй гэрчилдэг. Ингээд нэг их удалгүй АТГ-ын мөрдөн байцаагч Батболд уг хэргийг хэрэгсэхгүй болгож хаажээ. Гэрч мөрдөн байцаагч Батболдын утасны дугаарыг мэддэг болсон байсан тул утасдаж, булхайтай шийдвэр гаргасныг нь хэлж, маргалдмагц мөрдөн байцаагч утсаа унтраагаад, төдөлгүй уг дугаар нь холбогдохоо бүүр больсон байгаа юм.
Ийнхүү албан тушаал, эрх мэдлээ элдвээр ашиглан ашиг хонжоо ологчдын сувдаг, шунахай, ичгүүргүй үйлдлүүд нь, тэднийг долдойдон дагаж, ашиг горьдогчдын туслалцаатайгаар чимээгүй замхарсаар байгаагийн нэг жишээ энэ. Уг хэргийг 2019 онд орон нутаг дахь нэр бүхий байгууллага дахин анхааралдаа авч, аймгийн Цагдаагийн газарт нэхэмжлэл гаргасан боловч Цагдаагийн газар нь хэргийг дахин АТГ-руу шилжүүлсэн. Одоо АТГ-т шалгагдаж байгаа юм. Гэсэн ч АТГ энэ асуудлыг бодитоор шалган тогтоож, үнэн зөв шийдвэр гаргах уу гэдэг эргэлзээтэй. Юу гэвэл АТГ энэ асуудлаар маш тодорхой, нарийн ширийн мэдээлэл өгч чадах гэрчийн этгээдүүдтэй огт холбогдохгүй байгаа ажээ.

3. Гажуудлыг хэрхэх вэ?

Дашрамд өгүүлэхэд энэ бол манай нийгэмд бугшсан “нам, улс төрийн том, жижиг лидерүүд” хэмээн өөрсдийгөө дөвийлгөх эрхэмүүдтэй холбоотой бусармаг зүйлсийн зөвхөн нэг л жишээ. Цаашилбал нэр дурьдагдсан эрхэмүүд болон одоо эрх мэдэл, албан тушаалтай байгаа нөхдүүдийн талаар үндэслэл бүхий гэж үзэхээр хардлага, сэжиг таамаг захаас аван бий. Тухайлбал Л.Галбадрах албан тушаал хашиж байсан хугацаандаа сүрхий бэлжиж хөрөнгөжиж, Ховд хотын захад томоохон ресторантай, амралтын газартай, бас хотын төвд үйлчилгээний төвтэй болсон байдаг. Бид аливаа хууль бус бусармаг зүйлийг Аудитын байгууллага шалгаж илрүүлээд, арга хэмжээ авдаг гэж итгэдэг. Тэгвэл өнгөрсөн 5 жилд аймгийн Аудитын газрын дарга байсан, харин одоо уг газарт илүүдэл орон тоо гаргуулаад, сул цалин аваад байж байгаа Л.Галбадрах гэгч өөрөө албан тушаалаа урвуулан ашиглаж, хулгай луйвар хийсний зөвхөн хөдлөшгүй баримт нотолгоотой мэдэгдэж байгаа нь дээрх гурван өрөө орон сууцны асуудал. Түүнээс гадна энэ нөхрийн хувьдаа жуулчны бааз барьсан газар нь нийтийн эзэмшлийн ойн бүсэд хамаарч буй атал, зөвшөөрөлгүйгээр хүч түрэн авсан, мөн аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Ховд хотын төв дэх сангийн хэрмийг шинэчлэх төсөл гэж батлан, уг төслийн нэрээр үлэмж хэмжээний хөрөнгө /тэр үеийн 80.0 сая төгрөг/ завшиж, хэрэг нь шүүхэд шилжсэн ч хэрэгсэхгүй болгуулсан, 2014 оны үед аймгийн Аудитын газрын даргаар ажиллаж байх үедээ Цагдаагийн газарт хийсэн санхүүгийн аудитын үр дүнд илэрсэн зөрчлүүдийг нь нуун дарагдуулах болзолтойгоор тохиролцоо хийж, сумуудад цагдаагийн шалган нэвтрүүлэх байр барих тендерүүдийг ихэвчлэн шууд гэрээ байгуулах замаар шийдүүлж, өөрийн хувийн компанид авсан, Жутмааны Янжмаа гэгч эмэгтэй Ховд их сургуулийг бүтэн “самарч”, санхүүгийн нөөцийг нь цөлмөж дуусаад байхад нь аудит орж, илрүүлсэн ч, дарга Л. Галбадрах нь түүнд оноох хариуцлагыг зөөллөн, зарим зүйлийг дарагдуулсан. Түүнээсээ хойш Ховд их сургуулийн бүхий л арга хэмжээний захиалгыг өөрийн хувийн өмч болох “Төгс төв” ресторанд авдаг болсон тухай таамаглал, мэдээллүүдийг эх сурвалжууд өгдөг.
Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Цэвээнравдан нь Засаг даргаар ажиллах хугацаандаа өдий төдий бодлогын ноцтой алдаа гаргаж, Ховд аймгийн эдийн засагт ихээхэн хохирол учруулсан. Үүнд: Төсвийн 500 сая төгрөг үрэн таран хийсэн “Улаан богоч” жишиг хороолол, бараг таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг будилаантуулан, бөөн гацаа, чөдөр, маргаан, гэмт хэргийн үүр болгож орхисон “Ховд –Эвийн хүч” худалдааны төвийн асуудал. Хятадын компаниудтай сүлбэлдэн, Ховдод баригдах цементийн үйлдвэрийг 100 хувийн хөрөнгө оруулалттай хятад компанид өгөхөөр гэрээ байгуулсан байсан, мөн Зэрэг суманд жишиг хашаа барих төсөл хэрэгжүүлэх нэрээр ихээхэн мөнгө угаасан нь шүүхээр олон жил явж, заль мэхээ хэрэглэн мултарсан хэрэг гээд олон таагүй зүйлийг дурьдаж болно.
ИТХ-ын даргаар ажиллаж байсан Баярсайхан ч мөн дарга байх хугацаандаа асар их баяжсан. Цагаан эргийн нөхөн сэргээлтийн асуудлаар хууль зөрчсөн журам батлуулж, бүтэлгүйтсэн. Уг асуудал нь бөөн гэмт хэргийн уурхай болсон. Дарга байхдаа Ховд аймгийн БОЭТ-ийн засварын тендер, аймгийн ЗДТГ-ын засварын тендер гэх мэтийг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан, өөрийн компанидаа авч өгөх гэх мэтээр завших нь хэвийн үзэгдэл байв.
Одоо ажиллаж буй дарга нар ч ялгаагүй аймгийн Аудитын газрын дарга Х.Болдбаатар гэгч нь нэр бүхий этгээдэд төсвөөс 30 сая төгрөгийг хууль бусаар шилжүүлэн, зувчуулах ажлыг хөөцөлдөж, ИТХ-ын дарга, Засаг дарга нар нь шийдвэр гаргаж гүйцэлдүүлсэн, албан тушаалтнууд болон тэдэнтэй хүзүү сээрээрээ нийлдэг жижиг улс төр, бизнесийн бүлгэнцэрүүдийнхэний хууль бусаар газар эзэмших, өмчлөх нь хэвийн үзэгдэл болсон, Захиргааны хэрэгтэй холбоотой шүүхээс гаргасан зарим нэг шийдвэрийг биелүүлэх ёстой төрийн байгууллага нь (Нутгийн удирдлагын болон Захиргааны байгууллага) огт биелүүлдэггүй, санаатайгаар замруулж орхидог гэх мэт мөрөөр нь мөшгиж, илрүүлэн засаж залруулах, шийдвэртай арга хэмжээ авахуйц ноцтой асуудлуудын талаарх эх сурвалжийн мэдээллүүд ч бидэнд байгаа болно. Гагцхүү үүнийг үнэн зөвөөр шалган тогтоож, илчлэн гаргадаг байгууллага байхгүй, төрийн хяналтын гэх байгууллагуудаар зогсохгүй хууль шүүхийнхэн нь үүргээ гүйцэтгэдэггүй, дүр эсгэдэг, бүүр үгсэн хуйвалдаж завхруулдаг гажиг байдал амь бөхтэй оршсоор байгааг эндээс харж болохоор.
Цаашид ийм байдлыг хэрхэн өөрчилөх вэ гэдэг ноцтой асуулт хариугаа нэхсээр байна.

Эрэн сурвалжлах нэгдэл

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.