Амиа алдсан шүүгчийн хэрэгт буруутгагдсан ШШГЕГ ажилчдыг өнөөдөр шүүнэ

2020-09-16 Мэдээ, мэдээлэл

Шүүгч асан Л.Бямбаагийн үхэлд буруутгагдаад буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын /ШШГЕГ/ ажилтнуудад холбогдох шүүх хурал өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлнэ. 

Хэргийг эргэн сануулахад, Авлигатай тэмцэх газар Салхитын мөнгөний ордын эзэмшигч нартай холбоотой хэргээр 2019 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулж, нэр бүхий таван иргэнийг саатуулан баривчилсан. Тэдний дунд гавьяат хуульч Л.Бямбаа агсан байсан бөгөөд тухайн өдөр мөрдөн шалгах албаныхан талийгаачийн зуслангийн байр, гэр болон ажлын байр болох “Консент” хуулийн фирмийн оффист нэгжлэг явуулж, хэрэгт холбоотой нотлох баримтуудыг хураан авсан юм.

Улмаар Л.Бямбааг эрүүгийн хоёр ч хэрэгт холбогдуулан, яллагдагчаар татаж, хойшлуулшгүй арга хэмжээ авч 48 цаг Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Харин түүнийг суллах үед амралтын өдөр таарсан учир прокуророос яллагдагчийг суллах тогтоол үйлдэн, хорих ангиас гаргахаар очиход тэрээр харамсалтайгаар амиа алдсан байсан юм. Энэ хэрэгтэй холбогдуулан тухайн үед ШШГЕГ ажиллаж байсан Г.Сүхболд нарын дөрвөн хүнд “Хууль сахиулагч яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй хайнга хандсан” гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгээд байгаа билээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.