Бугат сумынхныг “заналхийлж” буй хлорын шингэн хий агуулсан 39 баллон хадгалагдсаар байна

2020-09-15 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт энэ сарын 9-12-нд ажиллажээ. Хяналт шалгалт, сургалт нөлөөллийн ажиллагааг зохион байгуулах үеэр илэрсэн хүний эрхийн зарим зөрчлийг долоон хоногийн дотор арилгаж, яаралтай шийдвэрлэхийг тус аймгийн удирдлагуудад ХЭҮК-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд үүрэг болгожээ.

Тухайлбал, химийн хорт бодисын хадгалалт, хамгаалалт, ашиглалтын нөхцөл байдлыг ОБЕГ, ЦЕГ, МХЕГ-тай хамтран шалгах явцад тус аймгийн цэвэрлэх байгууламжид ашиглахаар 1988 онд авчирсан 39 ширхэг баллонтой хлорын шингэн хийг хадгалсаар байгаа нь аймгийн төв болон Бугат сумын иргэдийн аюулгүй байдалд онц ноцтой хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүсжээ.

Мөн тус аймгийн Ахмадын асрамжийн газрын барилга нь хуучирч муудан, хүн амьдрах боломжгүй болтлоо хана туурга сэвтэж, нүх гарсан, хамгаалалтын үүргээ гүйцэтгэх боломжгүй болсныг ХЭҮК 2017-2018 онд шалгаж тогтоон холбогдох байгууллагуудад санал, шаардлага хүргүүлж улмаар шинэ барилга бариулах асуудлыг хөндөж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл тодорхой үр дүнд хүрээгүй байна. Түүнчлэн тус асрамжийн төвд асруулагчдын орчин нөхцөл, хоол хүнсний чанар, халамж үйлчилгээг хуулийн шаардлагад нийцүүлэх, тэдний амьдрах орчин нөхцөлийг яаралтай сайжруулах, бодит үр дүнд хүрэх ажлыг богино хугацаанд хийх шаардлагатай байна.

Учир нь 39 ширхэг баллонтой хлорын шингэн хийг хадгалсаар байгаа нь аймгийн төв болон Бугат сумын иргэдийн аюулгүй байдалд онц ноцтой хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүсчээ.

Мөн тус аймгийн цэвэрлэх байгууламж нь байгальд шингээх технологийн био карт буюу ил цооногуудад байршиж, даац хэтэрсэн тул асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсныг шалгалтын баг дүгнэжээ. Аймгийн мал эмнэлгийн газрын дэргэдэх лаборатори нь стандартын шаардлага хангахгүйгээр, мал эмнэлгийн нэг өрөөнд үйл ажиллагаа явуулж байсан тул тус аймаг дахь Мэргэжлийн хяналтын газар үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоохоор газар дээр нь шийдвэрлэлээ.

Орон нутаг дахь хүний эрхийн зөрчлүүдийг арилгуулахаар ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмжийг холбогдох албан тушаалтанд хүргүүлэхээр шийдвэрлэж, орон нутгийн удирдлагуудад урьдчилсан байдлаар танилцуулжээ.

Дашрамд дуулгахад, ХЭҮК-ын ажлын хэсгийнхэн энэ сарын 14-16-нд Увс аймагт ажиллах юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.