Ногоон зээлийн статистик мэдээллийг улирал бүр дэлгэнэ

2020-07-3 Банк, санхүү

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр Монгол Улсад мөрдөгдөх “Ногоон таксономи” батлагдсантай холбогдуулан Ногоон зээлийн статистик мэдээллийг банкуудаас авч нэгтгэн, улирал бүр олон нийтэд зарлаж байхаар болжээ.

2020 оны 1 дүгээр улирлын байдлаар арилжааны банкуудаас олгосон нийт зээлийн үлдэгдэл 16,988.9 тэрбум төгрөг байгаагийн 428.1 тэрбум төгрөг буюу 2.5%-ийг ногоон зээл бүрдүүлж байна. Ногоон зээлийн үлдэгдэл тайлант улиралд өмнөх улирлаас 5.2%-иар буурчээ.

Хувийн байгууллагуудын ногоон зээлийн үлдэгдлийн 35.1% буюу 130.5 тэрбум төгрөгийг тогтвортой хөдөө аж ахуй, газар ашиглалт, ой болон эко аялал жуулчлал, 29.6% буюу 110.2 тэрбум төгрөгийг ногоон барилга, 14.4% буюу 53.5 тэрбум төгрөгийг тогтвортой ус, хаягдлын хэрэглээ, 11.0% буюу 40.8 тэрбум төгрөгийг эрчим хүчний хэмнэлт, 5.4% буюу 20.0 тэрбум төгрөгийг сэргээгдэх эрчим хүчний төсөл, хөтөлбөрүүд эзэлж байна.

2020 оны 3 дугаар сарын байдлаар 2,013 иргэний 55.9 тэрбум төгрөгийн ногоон зээлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнийг зээлийн зориулалтаар нь ангилбал нийт зээлийн 56.0% буюу 31.4 тэрбум төгрөгийг тогтвортой ус, хаягдлын хэрэглээ, 27.3% буюу 15.3 тэрбум төгрөгийг карбон бага тээвэр, 8.8% буюу 4.9 тэрбум төгрөгийг эрчим хүчний хэмнэлтийн хүрээнд олгогдсон байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.