Бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх сараас 4.2 хувиар буурлаа

2020-06-12 Мэдээ, мэдээлэл

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 5 дугаар сард ажилгүй 6.1 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 2.3 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 4.7 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Үүнээс Улаанбаатар хотод 2020 оны 5 дугаар сард нийт 2.4 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 924 иргэн ажилд зуучлагдан орсон байна.

Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 1.1 (15.9%) мянган хүнээр, ажилд зуучлагдан орсон иргэд 53 (2.3%) хүнээр буурч, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 810 (20.9%)  хүнээр өсчээ.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2020 оны 5 дугаар сарын эцэст 31.1 мянга, үүнээс 19.8 (63.6%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.3 (36.4%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 3.7 (15.8%) мянган хүнээр, өмнөх сараас 0.9 (4.2%) мянган хүнээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 10.0 (50.6%) мянга нь эмэгтэйчүүд байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 343 (1.7%) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 161 (46.9%) нь эмэгтэйчүүд байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2020 оны 5 дугаар сард 6.1 мянган хүн шинээр бүртгүүлсний 3.3 (54.4%) мянга нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байгаа нь өмнөх сараас 0.8 (19.2%) мянган хүнээр буурчээ.

Бүртгэлтэй ажилгүй хоёр хүн тутмын нэг нь бүрэн дунд, гурван хун тутмын нэг нь дипломын болон бакалаврын дээд боловсролтой байна.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 54.6 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Говьсүмбэр, Говь-Алтай, Орхон, Өвөрхангай, Төв,  Сэлэнгэ, Дундговь, Архангай, Баянхонгор, Дорнод, Ховд, Өмнөговь аймагт улсын дунджаас 0.4-16.4 пунктээр илүү байна.

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.