“Амны хаалттай” сонгуулийн журмыг танилцуулж байна

2020-06-3 Мэдээ мэдээлэл

УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ойртож, нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авч сурталчилгаа албан ёсоор эхэллээ. Энэ удаагийн сонгууль өмнөх жилүүдийнхийг бодвол нэлээд онцлогтой болно. Зүй нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед бид төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-ын гишүүдийг сонгох гэж байгаа. Энэ удаагийн сонгуулийг монголчууд анх удаа албан ёсоор “Амны хаалттай” хийнэ. Тиймээс Засгийн газраас 188 тоот тогтоол гаргаж, ээлжит сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагааны явцад “Covid-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх журмыг батлан гаргажээ.

Энэхүү журманд “… нам, эвсэл нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үед болон сурталчилгааны ухуулах байранд халдвараас сэргийлэх үйл ажиллагаа нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх үүргийг зааж өгсөнөөс гадна, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, санал авах байранд сонгогчийн санал авах үед авах арга хэмжээ зэргийг тусгажээ. Мөн нэр дэвшигчид цахим хэлбэрээр уулзалт зохион байгуулах боломжгүй бол уулзалтыг хоёр цагаас хэтрүүлэхгүй, хүн хоорондын зайг 1.5 метр байх” зэргээр заажээ.

Засгийн газрын 188 дугаар тогтоолоор батлагдсан журмыг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд “Зөрчлийн тухай хууль” болон бусад холбогдох хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх гэнэ.

Тогтоолд заасан зарим заалтаас сийрүүлбэл:

-Уулзалт, хурал, цуглаан зохион байгуулах байр, танхимд болон гадна талбайд оролцогчдыг суух боломж нөхцөлөөр хангасан сандал заавал байршуулсан байна. Хүн суух сандал хоорондын зай 1.5 метрээс доошгүй байна.

-Олон нийтийн газарт цугларах үед оролцогчдын биеийн халууныг хэмжиж, гар халдваргүйжүүлэх ажлыг тухайн нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигчийн менежер, шадар туслагч хариуцна.

-Танхимд хийх хурал, цуглааныг 2 цагаас хэтрэхгүй хугацаагаар зохион байгуулна.

-Нийтийн эзэмшлийн гудамж талбай, олон нийтийн газар зохион байгуулах хурал, цуглаан, уулзалтад оролцогчдын хоорондын зай 1.5 метрээс доошгүй байна.

-Уулзалт, цуглаанд оролцож буй сонгогчтой нэр дэвшигч нь үнсэхгүй, гар барихгүй, тэврэхгүй зайнаас харьцана.

-Цуглаан зохион байгуулах танхимын агаарыг 30 минут тутамд 10-аас доошгүй минутаар сэлгэнэ.

-Уулзалт зохион байгуулах танхимын хаалганы бариул, явган болон урсдаг шат, цахилгаан шатны товчлуур, компьютер, утас, микрофон зэргийг 2 цаг тутам сайтар арчиж цэвэрлэнэ.

-Цуглаанд амны хаалтгүй хүн оролцуулахыг хориглоно. Нэр дэвшигч амны хаалтгүй хүнд нэг ширхэг амны хаалтаар хангаж болно. Амны хаалт сурталчилгааны шинжтэй байхыг хориглоно гэх зэрэг 20 шахам үйл ажиллагааг дагаж мөрдөхөөр журманд заажээ.

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.