Цахим орчинд хуурамч хаягаар мэдээлэл түгээсэн, сурталчилгаа явуулсан иргэнийг 5 сая төгрөгөөр торгоно

2020-05-22 СОНГУУЛЬ-2020

Энэ удаагийн Улсын их хурлын сонгуульд цахим орчинг ашиглах зохицуулалтыг хуульчилсан.

Нам эвсэл, нэр дэвшигч өөрийн гэсэн албан ёсны нэг хуудсаар мэдээлэл хүргэнэ. Харин нууц хаяг нээж, бусдыг доромжлон гутаах зэрэг асуудлыг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Цагдаагийн байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороо давхар хянахаар болсон байна. Өнөөдрийн байдлаар ийм зөрчилтэй 30 гаруй пэйж хуудсыг илрүүлжээ.

11 хоногийн дараа УИХ-ын сонгуулийн сурталчилгааны ажил эхэлнэ. Цар тахал гарсан байгаа энэ үед иргэдтэй уулзалт хийх, олон нийтийн хурал цуглаан зохион байгуулах зэрэг нь хориотой. Иймд цахим сүлжээ буюу сошиал орчинд сонгуулийн тухай зарлал, мэдээлэл нэмэгдэх хандлагатай байгаа. Гэвч ингэж цахим орчинд мэдээлэл түгээх нь хуулийн заалттайг анхааруулж байна. Тодруулбал, сонгуулийн тухай хуулийн 47-р зүйлд сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах тухай тодорхой зааж өгсөн байдаг. Энэ хуулийн заалтыг болон цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах, түүнд хяналт тавих журмын талаарх зөвлөмжийг дагаж мөрдөнө гэдгийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос мэдэгдлээ.Цахим хуудасны хувьд, Сонгуулийн тухай хуулийн 47.1-д заасны дагуу 3 хэлбэрийн цахим хуудсыг ашиглаж болно. Тодруулбал нам, эвсэл, нэр дэвшигчийн өөрийнх нь албан ёсны цахим хуудас болон цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудас тус бүр нэгийг хуульд заасны дагуу нэр дэвшигчийн үнэмлэх гардаж авснаас хойш 3 хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн тойргийн хороонд бүртгүүлэх ёстой. Энэхүү албан ёсны бүртгэлтэй хаягаараа дамжуулан мэдээлэл, сурталчилгаагаа ирэх сарын 2-ноос эхлэн түгээх боломжтой. Мөн хуурамч цахим хуудас ашиглах, түүгээр сурталчилгаа, пи-ар явуулах хориотой.Сонгуулийн сурталчилгааг явуулахдаа нам, эвсэл, нэр дэвшигчийн мэдээлэл, нэр, далбаа, таних тэмдэг, сонгуулийн уриа зэргийг олон нийтэд ойлгомжтой, ил тод харагдахуйц байдлаар нийтлэх ёстой юм байна.

<

Алтчин

14 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2020 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.