Монгол Улс албан ёсоор “Хар жагсаалт”-нд орсон ч Сангийн сайд нь мэдээгүй л тууж яваа бололтой

2020-05-8 Нийтлэл
Манай улс болон бусад 11 орны хамт Европын Холбооны хар жагсаалтад орох гэж буй мэдээлэл гадны хэвлэлүүдийн нүүр талбайг дүүргэсээр сар гаруй болов. Харин Европын Комисс  өчигдөр /2020.05.07/ ЕХ-ны мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл явцыг улам бэхжүүлэх цогц арга хэмжээгээ /Action Plan/ албан ёсоор танилцуулжээ. Тус комиссоос бохир мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх олон талт үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд ирэх 12 сарын хугацаанд Европын Холбоо дээрх гэмт хэрэгтэй тэмцэх дүрэм журмыг илүү сайн мөрдөх, хянах, зохицуулах тодорхой арга хэмжээнүүдийг тусгасан байна. Түүнчлэн Европын Холбооны “хар жагсаалт”-д хэд хэдэн улсыг шинээр бүртгэжээ. Үүнд Багам, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайка, Маврики, Монгол, Мьянмар, Никарагуа, Панама, Зимбабве бол “хар жагсаалт”-аас Босни-Герцеговина, Этиоп, Гайана, Лаос, Шри Ланка, Тунис зэрэг улсуудыг хассан мэдээллийг ec.europa.eu сайтаас харж болно.Одоо харин энэ жагсаалтыг нэг сарын дотор Европын парламентад өргөн барьж батлах ёстой. Гэхдээ цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан энэхүү баримт нь нэг сарын хугацаанд өөрчлөлт орж болно гэдгийг холбогдох албаныхан нь онцолсон харагдсан. Харин Европын парламентаар ороод батлагдсан тохиолдолд шинэ дүрэм 2020 оны аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм байна.

Гэвч энэ бүхнийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээгүй юм уу, эсвэл мэдэн будилав уу. Нэг бол “Хар жагсаалт”-д орсонтойгоо эвлэрч өгөхгүй байна уу. Тэрбээр мэдээлэл хийх үеэрээ “Тийм албан ёсны мэдээлэл ирээгүй” хэмээн үгүйсгэв. Үнэн хэрэгтээ дэлхий энэ мэдээллийг нэгэнтээ мэдчихжээ, баталчихлаа сайд аа. Бид хүссэн, хүсээгүй энэ жагсаалтад орчихлоо, олон түмнээрээ халаглаад байсан юун “саарал жагсаалт” цаашаа, бүр хар тамгатай болчихлоо шүү.

Ямартай ч Европын Холбооны Зөвлөлөөс 2017 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсыг “татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-ад оруулах шийдвэр гаргаж байсан ба 2018 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр энэ жагсаалтаас гарч байсан юм. Харин одоо ийнхүү “хар тамга” дарууллаа.

Бид “Хар жагсаалт”-д орсноор:

-Европын Холбооны гишүүн орнуудын банк, санхүүгийн байгууллагууд эдгээр орнуудтай харилцаж буй үйлчлүүлэгчдийнхээ үйл ажиллагаанд илүү их анхаарал тавьж, хяналтаа нэмэгдүүлж эхэлнэ.

-Энэ жагсаалтад багтсан улс орнуудын бизнес эрхлэгчид Европын Холбооны санхүүжилтийг шинээр авах эрхгүй болох

-Европын Холбооны банкууд болон бусад санхүү, татварын фирмүүд эдгээр улстай харьцаж буй үйлчлүүлэгчдээ илүү нарийвчлан судлах шаардлагатай болно.

-Европын улс орнуудад иргэд, ААН-үүд картаар гүйлгээ хийх боломжгүй болно

-Зээлжих зэрэглэл буурах магадлалтай зэрэг шууд эрсдэлтэйгээс гадна шууд бус олон эрсдлүүд хүлээж байгаа юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.