Зэвүү дургүй хоёр зэрэг хүрчихлээ

2020-04-29 Бор шувуу

Парламентад тав ч бил үү, зургаан удаа сууж, Шадар сайд, Сангийн сайд, ХХААХҮ-ийн сайд гээд сандал сэнтий болгонд уйгагүй заларч, урт удаан төр барьсан энэ хүн чулуун зэвсгийн үеэс л чухам 30 шахам жил төрөөс зүүгдэж дээ. Аль 20 дугаар зууны сүүлчээр л Сүхбаатар аймаг дахь “Цайрт минерал” гэх төмрийн хүдрийн баяжмал гаргадаг компанитай нэр холбогдож байсныг нь он жилийн тоос сануулаад ч байх шиг.

Н.Энхбаярын үеэс М.Энхболдын үеийг элээж, У.Хүрэлсүхийн он тооллыг цуцааж яваа энэ хүний хувийн амьдрал, хувьсгалын амбиц хоёр сансрын хурдаар хөгжилд хүрсэн хэдий ч түшсэн төр нь урагшилсангүй, түшүүлсэн түмэн нь хөлжсөнгүй, түүчээлсэн эх орон нь хөгжсөнгүй. Одоо зүгээр ичиж амьдарч, ингээд халаагаа өгвөл таарна. Заримдаа энэ мэтийн улстөрч нэртэй уутлагчдын уртаас урт амбиц, удаанаас удаан алба энэ тэрийг ухаан хүрч ойлгохгүй, толгой хүрч тогтоохгүй юм.

Дунд нь намаа ч солиод үзсэн, дундуур нь эзнээсээ ч шарваад үзсэн. За тэгээд манайхан мангар гэнэн. Рэйтинг нь сул унаж, сувай хаваржиж байхад нь голын уснаас хүүхэд аварсан гэх ганцхан үйлдэлд нь ганган автаад парламентдаа зургаа дахь удаагаа залчихсан л юм даа. Үнэнийг хэлэхэд иймэрхүү сайд нар, ичихээ больсон түшээдийн үед Хятад овогтой компаниуд хөлжиж, Халх нэртэй нь хатавч сахиж, хаяанд хаягддагийг бодохоор өөр улсаас суугаа элчин ч юм шиг, өрөөлийг төлөөлж төрд ажилладаг төөрмөл ч юм шиг. Энэ жил нөөцийн махны хэрүүл хаврыг дамнаад зунтай золгох нь.

Яаж явахаараа “Цан сан тан ий”, “Ду юань ха” ч гэх шиг нэр шошготой монгол малын мах өмнөө тавьчихаад ясны үйрмэг, чөмөгний хэлтэрхийд нь ам шүдээ авчих гээд ангайгаад сууж байгаагаа ойлгохгүй байна. Монгол хүн арай ч ингэж бэлдэхгүй. Ч. Улааны тэргүүлдэг гэх ХХААХҮ-ийн яамнаас Хятадын компаниуд нөөцийн мах бэлтгээгүй гэж тайлбар хийсэн байна билээ.

Мянга тайлбарлаад, түм хошгируулаад яадаг юм. Нөөцийн мах бэлтгэх ажлаа ядаж 100 хувь монгол компаниуддаа өгөөд монгол залуусаа ажилтай, орлоготой болгочих төрийн бодлого байдаггүй юм уу? Хятадууд бол маш хямдхан ажиллах хүч. Хямд хүч ажиллуулсан тохиолдолд эзэнд унац их. Ийм л ялихгүй шунал, шалихгүй тачаал Монголыг хорлоод, монголчуудыг гуйлгачин болгоод байна шүү дээ. Үндэсний компанийн нэрээр үүрэндээ өрөөлийг шургалуулсан хүмүүстэйгээ хариуцлага тооцож, хатуу ярьж сурмаар байна. Ядаж байхад юун том, томоор савладаг юм. Ядарсан түмэн чинь хоёр, гурван кг мах байтугай хагас кг-аар нь авах гээд Дэнжийн 1000-ын наймаачдыг царайчлаад явж байгааг очиж хар.

МАН энэ мэтийн өрөөлийн сэтгэлтэй, өөрийн сэнтийтэй, үсээ хараар будаж, шүдээ холливуудсан шоуны циркчидээсээ салахгүй бол танай намын таргалах, манай ардын турах яг тэнцлээ, их шуналаа гээд иддэг ходоод ч өтөлж хөгширдөг юм! Хаанаа шингээнэ гэж Халхыг хаа гуяар нь салгаж, монгол малын махыг мод шиг хөрөөдөөд, үс ноостой нь зуурч молигодоод байдаг юм, зэвүү дургүй хоёр зэрэг зэрэг төрж байна! Монголчуудын чаддаг, мэддэг нь дутдаг байж болно. Яаж ядарсан ч тал нутаг, тааваар бэлчсэн мал, уламжлалт хүнс хоолтойн хэрэг юу билээ, хүнс, хөдөө аж ахуйн салбартаа цаашид Монголын үндэсний компаниуд л үүрэг хүлээж, хариуцлага үүрэх ёстой шүү. Өрөөлд үйлчлэгсдийг өшиглөөд хаяхад бэлэн болтлоо тэвчээр зааж суугаа ард түмний нэг би байна.

Сэтгүүлч Р.Эмүүжин

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.