Францын сургуулиуд тавдугаар сарын 11-ний өдрөөс үйл ажиллагаагаа сэргээж эхэлнэ

2020-04-24 Боловсрол

Коронавируст цар тахлын улмаас Европ тивийн ихэнх орны сурагчид зайнаас суралцаад хэдэн долоо хоног болж байна. Гэвч хүүхэд бүрт гэртээ компьютер эсхүл интернет ашиглах боломж байхгүй. Зайны сургалт нь нийгмийн тэгш бус байдлыг улам хурцатгаж байгааг Европын хэвлэл мэдээллийн хэрэгсэл онцлон тэмдэглэжээ. Гэсэн хэдий ч зарим улс орнууд танхимын сургалтыг яаран сэргээх нь аюултай гэж сэрэмжлүүлж байна.

Бүгд Найрамдах Франц Улс 2020 оны тавдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн сургуулиудын үйл ажиллагааг сэргээж эхлэх бөгөөд гэртээ суралцах боломжгүй сурагчид уламжлалт сургалтын хэлбэрт түрүүлж орох аж.

Хичээлийн жилийг амжилттай дуусгахад бид урьд өмнө байгаагүй арга хэмжээг авах хэрэгтэй болно гэж Die Welt сонины ерөнхий редактор Ульф Поршардт бичжээ. Тэрээр “Германы багш нарын холбооноос өгч буй зөвлөгөөг дагаж, хичээлийн хоцрогдолтой сурагчдыг улираах буруу. Цар тахлын эдийн засагт үзүүлэх үр дагавар хичнээн хүнд байхаас үл хамааран боловсрол эзэмших эрх бүрэн хэрэгжих ёстой. … Ковид-19 биднийг болон нөхцөл байдлыг төвөгтэй байдалд оруулж байна. Нөхцөл байдлыг бүрэн ухамсарлахын тулд бидэнд бололцооны боловсролтой нийгмийн гишүүд хэрэгтэй. … Иймд хөл хорионы дэглэмийг сулруулахад сургуулийн өмнөх болон дунд боловсролын салбарын асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх хэрэгтэй”-г мөн тэмдэглэсэн байна.

Литвийн Вильнюсийн их сургуулийн профессор Наталия Арлаускайте дотоодын өдөр тутмын сонинд гурван долоо хоног хэрэгжиж буй зайны сургалт нь зайны сургалтын талаар төсөөлж, бодож байсан бүх зүйл худал хуурмаг байсныг баталж байгаа талаар дурдахдаа “эхний ээлжинд багшид ч, сурагчид ч юуны өмнө боломжийн нөхцөл, гэрэлтүүлэг, хурдан интернет байх ёстой юм байна. Боломжийн нөхцөл гэдэгт олон хүчин зүйлийг ойлгож болно, тухайлбал ажил хийх өөрийн булантай байхаас эхлээд өөрийн өрөөтэй байх гм. Гэвч, ихэнх багш, оюутнуудын хувьд энэ талаар мөрөөдөөд ч хэрэггүй байдалд байна. … Цахим сургалт хуурмаг зүйл байсныг бид хурдан ойлгож авлаа (ойлгож авсан нь ч сайн хэрэг боллоо) хэмээсэн байна.

Испанид зайн сургалтыг сар гаруй хугацаанд хэрэгжүүлж байна. 6 дугаар сар хүртэл үргэлжлэх улирлын дүнг өмнө нь дүн гаргаж байсан зарчмаар гаргах болсон нь нийгмийн давхаргын ялгааг улам бүр гүнзгийрүүлж байна гэж Испанийн сурагчдын холбооны тэргүүн Кораль Латорре өөрийн саналаа илэрхийлжээ. Мөн “хүн бүхэнд тодорхой болоод байгаа хичээлийн жил дууссан гэдгийг Боловсролын яам хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. … Зайны сургалт нь бага орлоготой гэр бүлийн дийлэнх хэсгийг хамарч чадахгүй байгаа нь тэгш бус байдлаар хүргэсэн сургалтын материалыг судалсан байдлаар үнэлгээ өгөх нь буруу” гэдгийг онцолжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.