Он гарсаар түймрийн улмаас 44 иргэн амиа алджээ

2020-04-21 Мэдээ, мэдээлэл

 

Он гарсаар улсын хэмжээнд нийт 3949 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 44 иргэн амь насаа алджээ.

Тэдний 29 нь том хүн, 15 нь хүүхэд байгаа юм. Мөн гал түймрийн улмаас 32 хүн түлэгдэж гэмтсэн байна. Гал түймрийн шалтгаан нөхцөл нь айл өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, хэт галлагаа, ил задгай асгасан цогтой үнс нурам, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйлдэл, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал зэрэг хувь хүний санамсар болгоомжгүйгээс үүдэж байгаа аж.

Гал түймрийн шалтгааны 36.5 хувь нь ил задгай асгасан цогтой үнс нурамнаас үүдэн гарч буй учир халуун үнс, нурмаа тагтай үнсний саванд хийж хэвших, гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байхыг анхааруулж байна.

Мөн бүрэн бүтэн байдал нь алдагдсан, шалбарсан, зарим хэсгээрээ халалт үүсэж хайлсан, залгуур унтраалга нь эвдэрсэн болон бусад гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх, гэр орондоо бензин болон бусад шатах, тослох материал хадгалахгүй байх, хялбар гал гаргах асаагуур, чүдэнзийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт нууж тавих, хийн зуухны аюулгүй хэрэглээг хангах, хийн зуухны буруу хэрэглээний улмаас гал түймэр гарах тохиолдол ихсэж байгаа учир хийн зуух ашиглах заавар, зөвлөмжийг дагах, гэр орондоо утаа мэдрэгч суурилуулж, гал унтраагуур байрлуулах, утаа мэдрэгчийн хэвийн ажиллагаа болон гал унтраагуурын хадгалах хугацааг тогтмол шалгаж, гэр бүлийн гишүүдээ гал унтраагуурыг хэрхэн ашиглах талаар зааж сургахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.