XXV цэцэрлэгийн шинэ барилгыг есдүгээр сарын 1-нд хүлээлгэн өгнө

2020-04-17 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн СБД-ийн 25 дугаар цэцэрлэгийн барилгыг Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар шинээр барихаар болжээ.

Цэцэрлэгийн барилга хэт хуучирсан төдийгүй хамрагдах хүүхдийн тоо жилээс жилд нэмэгдээд байсан юм. Шинэ цэцэрлэгийг 2020 оны есдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулж 240 хүүхэд хүлээн авахаар төлөвлөжээ.

Шинэ цэцэрлэгийн шав тавих ёслолд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, АНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Абдулла Аль-Тунейжи болон албаны бусад хүмүүс оролцлоо. Энэ үеэр Д.Даваасүрэн, Монголын хүүхэд багачуудыг аятай тухтай, эрүүл орчинд сурч боловсрох нөхцөл бололцоог бүрдүүлэхэд АНЭУ-ын Засгийн газраас ийнхүү өгөөмөр дэмжлэг үзүүлж байгаад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлжээ.

АНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2019 онд Хэнтий аймгийн Хэрлэн сум, Дорноговь аймгийн Сайншанд суманд тус бүр 100 хүүхдийн багтаамжтай 2 цэцэрлэг барьж өгсөн байна. Мөн сүүлийн 4 жилд тус улсын Засгийн газраас байгаль орчны бохирдолтой тэмцэх, махчин шувуудыг хамгаалах, зарим дүүргийн Эрүүл мэндийн төвд эмнэлгийн орчин үеийн тоног төхөөрөмж, сургуульд компьютер, ус цэвэршүүлэх төхөөрөмж нийлүүлэх, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн Хүүхдийн уншлагын танхимыг тохижуулах зэрэг ажилд нийт 1 сая 350 гаруй мянган ам.долларын тусламж үзүүлсэн хэмээн ГХЯ-наас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.