Франц Кафка – Шүүх Ажиллагаа

2020-04-14 Амрах агшин
“Хүн хэзээ ч буцах боломжгүй болсон цэгтээ хүрсэн бол одоо л хүссэн цэгтээ иржээ гэж ойлго” /Франц Кафка/

“Хүн хэзээ ч буцах боломжгүй болсон цэгтээ хүрсэн бол одоо л хүссэн цэгтээ иржээ гэж ойлго” /Франц Кафка/

XX зууны Герман хэлтний уран зохиолын томоохон төлөөлөгч Франц Кафкагийн “Шүүх ажиллагаа” хэмээх агуу бүтээлийг уншигч танд танилцуулж байна. Дэлхий нийтэд тархаж, олны талархал хүлээсэн “Шүүх ажиллагаа” хэмээх энэхүү шилдэг бүтээлээ Кафка 1914-1915 оны үед бичсэн боловч түүний нас барсаны дараа хэвлэгдсэн юм.

Романы гол баатар Иосеф К өглөө эртлэн босоод 30 насны төрсөн өдөртөө бэлдэн сууна. Харин гэнэт хаалга дугарч цагдаа орж ирэн түүнийг аван явдаг. Улмаар шүүхэд хүргэгдэж гэнэт гэмт хэрэгтэн болж хувирна. Хийгээгүй хэргийнхээ төлөө гэм буруутан болж яах учраа олохгүй, чухам хэн түүнийг буруутгасан болон яагаад буруутан болсноо ч ойлгохгүй явсаар шүүхийн золиос болно. Түүний шүүх хурал нэг жил орчим үргэлжилж 31 насны төрсөн өдрөөр нь түүнийг гэрээс нь авч яван амь насыг нь бүрэлгэх ажээ…

“Франц Кафка бол XX зууны уран зохиолын ертөнцийг донсолгосон германы хэл дээрх хамгийн аугаа зохиолч юм”

Нобелийн шагналт, Германы нэрт зохиолч Хайнрих Бёлль


 Түүнд санаатайгаар зохиомол хэрэг үүсгэв үү ? эсвэл шүүх байгуулгын бичиг цаасны алдаатай үйлдлээс болвуу ? Сэтгэл түгшээж, айдас хүргэм энэхүү адал явдалт зохиол нь нэн сонирхолтой бөгөөд ямар ч утга учиргүй гэнэтийн баривчилгаа, эсэргүүцэх чадваргүй болтол нь саажуулагч байдал, танил талаа эрж хайж ар өврийн хаалга хайх явдал, дүр нь тодорхойгүй шүүхийн машин, хууль сахиулагчдын худалдагдсан байдал хийгээд тухайн үеийн хүнд сурталыг тэр чигээр нь дүрслэн харуулжээ.

“Шүүх хурал гэдэг ямар ч хамаагүй хүн олны өмнө “нүглээ” бүрэн дүүрэн гэмшихдээ байдаг болохоос биш, жинхэнэ гэмт хэрэгтнийг шийтгэх гэсэн үг биш”

Иосеф К, Шүүх Ажиллагаа (1914-1915)

Тухайн цаг үеийн шүүх засаглалын хүнд суртал, бичиг цаасны хариуцлагагүй байдал, хээл хахуульд автсан байдал, шүүх ажиллагаа хэдийд ч гэм зэмгүй хүний эсрэг шийдэгдэж байсан тэрхүү хуулийн завхрал, гажуудлын тогтолцоог одоогоос 80 гаруй жилийн тэртээ уран зохиолын аргаар тод, томруун дүрслэн үзүүлснээрээ зуун дамжсан сонгодог бүтээл болж чадсан юм.

Хэзээ ч гэрлэж байгаагүй Кафка хүүхэд насаа эцгийнхээ хатуу гарт өнгөрүүлж. 1917 онд уушгины сүръеэ тусч дотны анд зохиолч Макс Броддоо өөрийн зохиол бүтээлийг шатаахыг хүссэн захидал илгээсэн юм. Үүнд “Галч”, “Ял” /1913/, “Хувирсан нь” /1915/, “Засан хүмүүжүүлэх газарт” /1919/, “Нэгэн тэмцлийг дvрслэхvй” /1909/, “Гэгээрэл” /1913/, “Тосгоны эмч” /1919/, “Цайз” / 1926/ зэрэг зохиолууд багтаж байв.

Гэвч хожим өрнийн төдийгүй дэлхийн утга зохиолд модернимзийн оргил бүтээлийн нэгд тооцогдох бүтээлүүдийг Бродд устгаж зүрхэлсэнгүй. Хожим Кафкагийн дутуу үлдээсэн, зохиолын бүлгийн дараалал тодорхойгүй гар бичмэлийг эмхэтгэн олонд хүргэсэн аж. Кафка бие нь муудсаар 1924 оны Венийн ойролцоох Кирленг сувиллын газар нас баржээ.

Б.Дөлгөөн

 

 

 

 

 

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.