Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хурал хойшилжээ

2020-03-23 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн прокурорын газраас Нийслэлийн засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацын /ТОСК/  захирлаар ажиллаж байсан А.Гантулга, “Бэрэн” групп компанийн захирал Б.Мөнхтөр нарын бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэгт  хоёрдугаар сарын 13-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн билээ. Тэгвэл Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу энэ сарын 23-ны өдрийн 10:00 цагт эхэлсэн.

Шүүх хуралд шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Г.Орхон “…миний бие ХӨСҮТ-с өгсөн зааварчилгааны дагуу 2020 оны 03 дугаар сарын 10-с доод тал нь 3 дугаар сарын 24-нийг хүртэл гэрийн хөл хорионд байх үүрэгтэй болоод байна. Иймд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсэн байна.

Шүүх уг хүсэлтийг хүлээн авч Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдааныг 2020 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.