Хүүхдийн асрамж, халамжийн төвүүдэд ариутгал халдаргүйжүүлэлт хийж байна

2020-03-3 Гэр бүл

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын зөвлөмжөөр хүүхдийн асрамж, халамжийн төвүүдэд ариутгал халдаргүйжүүлэлт хийж эхэлжээ. Засгийн газрын өнгөрөгч хоёрдугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар шинэ төрлийн коронавирус буюу COVID-19-өөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үүднээс Гамшгаас хамгаалах хуульд заасны дагуу Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар 2020 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр 01/95 тоот зөвлөмж гаргаж Хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төвүүдэд хүргүүлсэн.

Зөвлөмжид COVID-19-өөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулахын тулд тусгайлсан төлөвлөгөө гаргаж ажиллахаас гадна хүүхдүүдийн эрүүл мэндийг тогтмол хянах, хувийн ариун цэврийг сайтар сахиулах, онц шаардлагагүй тохиолдолд хүүхдийг гаргахгүй байх, асрамж, халамжийн төвүүдийн байр руу гадны хүн орохыг хязгаарлах мөн орчны болон галын аюулгүй байдлыг хангах талаар тодорхой тусгасан юм.

Тэгвэл газрын даргын гаргасан зөвлөмжийн дагуу Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, ариутгал халдаргүйжүүлэлтийн “Баян Дэмбэрэл” ХХК хамтран Хүүхдийн төрөлжсөн асрамж халамжийн төвүүд болон хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байруудад хоёр дахь удаагийн ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.