“Гудамж талбайд нус, цэр, тамхины ишээ хаявал иргэнийг 50 мянган төгрөгөөр торгоно”

2020-02-19 Мэдээ, мэдээлэл

 

Хэн дуртай нь гудамж талбайд нус цэрээ ил хаядаг, бие засдаг явдал нь ханиад томуу, сүрьеэ өвчний тархах эх сурвалж болдог.

Онцгой дэглэм тогтоож байгаатай холбогдуулаад иргэд нус цэрээ хаядаг, дуртай газраа бие засдаг явдлыг таслан зогсоох, үүнийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож, торгууль оногдуулах тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан юм.

Үүнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллага болон Цагдаагийн байгууллагаас хяналт тавьж байгаа юм.

Одоогоор 200 гаруй хүнд хариуцлага тооцсон гэдгийг МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд хэлсэн юм.

Тэрбээр “Мэргэжлийн хяналтын байгууллагаас гудамж талбайд нус, цэр, тамхины иш хаях асуудалд хяналт шалгалт хийж байгаа бөгөөд одоогоор 200 гаруй хүнд хариуцлага тооцсон. Гудамж талбайд нус, цэр, тамхины ишээ хясан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 50,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 500,000 төгрөгөөр торгоно” гэв.

Эрүүл ахуйн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.8-д зааснаар “Нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчныг нус, шүлс, цэр, тамхины иш, гэрийн тэжээвэр амьтны ялгадсаар бохирдуулах, зориулалтын бус газарт бие засах, хог хаягдлыг ил задгай хаях, шатаах”-ыг хориглодог. Эдгээрийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 50 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 500 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.