Нэр дэвшигчдэд тавдугаар сарын 27-ны өдөр үнэмлэх олгоно

2017-05-2 Ерөнхийлөгч
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Хуулийн дагуу нэр дэвшигчдийг тодруулах хугацаа өнөөдөр (2017.05.02) эхэлж байна. Өнөөдөр мөн сонгуулийн насны иргэдийн мэдээллийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
Түүнчлэн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана гэж хуульд заасан. Тиймээс МАН, АН, МАХН энэ удаагийн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ тавдугаар сарын 2-6-ны өдрүүдэд тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор бүртгүүлэх учиртай.
Харин Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэсний дараа ажлын тав хоногийн дотор буюу тавдугаар сарын 17-ны дотор нийтэд мэдээлэх бөгөөд нэр дэвшигчийг бүртгэхгүй байх үндэслэл байхгүй бол нэр дэвшигчдэд тавдугаар сарын 27-ны өдөр үнэмлэх олгох юм байна.
Дашрамд дуулгахад, ирэх сарын 1-ний өдөр сонгогчдын нэрсийн жагсаалтыг аймаг, дүүргийн сонгуулийн хороонд хүргүүлнэ. Харин ирэх сарын 12-нд сонгогчийн шилжилт хөдөлгөөнийг зогсоох юм. Мөн хуульд зааснаар ирэх сарын 25-н гэхэд сонгуулийн сурталчилгааг үргэлжлүүлж, 10-11-ний хооронд гадаад улсад байгаа сонгогчдын саналыг авна. Харин ирэх сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг орон даяар зохион байгуулна.
О.Соёмбо
<

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.