Гандан, хийдэд олон хүн цуглуулахгүй байх мэдэгдэл хүргүүлжээ

2020-02-12 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2020.02.12/ сар шинийн баярыг угтаж хийсэн шалгалтын дүнг танилцуулж байна. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 789 ААН, иргэнд хүнсний аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдэгдэл хүргүүлжээ.

Коронавирусийн халдвар гарсантай холбоотойгоор гуравдугаар сарын 2-ны хүртэл бүх шатны боловсролын газар, үзвэр, үйлчилгээ, интернэт тоглоомын үйл ажиллагааг зогсоосон. Энэ шийдвэрийн дагуу мөн зочид буудал, спортын ордон, заалнуудад олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байх тухай мэдэгдлийг гандан, хийд, шашны байгууллага болон 1680 аж ахуйн нэгж байгууллагад мэдэгдэл хүргүүлсэн байна.

Түүнчлэн нийтийн тээврийн автобусуудын цэвэрлэгээ үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажиллагаанд хяналт тавин, баар цэнгээний газрын 00:00 цаг хүртэл ажиллах нийслэлийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг зөрчсөн хэд хэдэн баар цэнгээний газарт зөрчлийн хэрэг үүсгэжээ.

Энэ талаар НМХГ-ын Эрүүл мэнд, Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Нийслэлийн Засаг даргын А/108 тоот захирамжаар 2020 оны нэгдүгээр 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 11-ний өдрийн хугацаанд баар цэнгээний газрыг 00:00 цаг ажиллуулах чиглэл дээр нийт 539 газар хамтарсан хяналт хийсэн. Шалгалтаар Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хорооны нутагт байрлах баар болон Сонгинохайрхан дүүргийн хүнсний дэлгүүрт 00:00 цагаас хойш согтууруулах ундаа худалдаалж, үйлчилж байсан зөрчлийг арилгуулж, арга хэмжээ авсан. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор томоохон зах худалдааны төвүүд, үйлчилгээний байгууллагуудад ариутгал халдваргүйжүүлэлт явуулж байна” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.