Кёкүшюүзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарт хилийн хориг тавилаа

2020-02-12 Мэдээ, мэдээлэл

Кёкүшюүзан Д.Батбаяр өөрийн төрсөн дүү Д.Аззаяагийн “Ногоон хана” ХХК-ийн нэрээр Чулуутын аманд найман га, түүний нөхөр Д.Анхбаярын байгуулсан “Том Анхаа” ХХК-ийн нэр дээр Богд уулын Арцатын аманд 8.7 га, хадам ээж Ж.Жавзандуламын дүү Ж.Жагиймаагийн нэр дээрх “Ногоон шүр” компанийн нэрээр тус аманд таван га газар авчээ. Харин Т.Баясгалан “Зэсэн тал” ХХК-иа байгуулж, Чулуутын аманд 10 га, “Гэгээн талбай” ХХК-ийн нэрээр Ташгайн аманд 21 га, “Өлзийт голын эх” компаниар дамжуулан Арцатын аманд таван га газар авсан байна.

Тэд 2014 онд газрын зөвшөөрөл авахдаа тухайн үеийн буюу Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт “Ахмадын амралт, сувиллын цогцолбор барина” хэмээн төсөл танилцуулсан аж. Гэвч өдгөө тэдгээр газартаа орон сууцны хороолол бариад байгаа юм.

Тэгвэл энэ хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газар Д.Батбаяр болон түүний эхнэр Т.Баясгалан нарт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор хилийн хориг тогтоох арга хэмжээ авахуулахаар Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд ханджээ. Саналыг Хан-Уул дүүргийн анхан шатны шүүх энэ сарын 7-ны өдөр хэлэлцэж, таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг шийдвэрлэж дуустал тэдний хилээр гарах эрхийг хязгаарлахаар болсон гэдэг мэдээлэл гараад байна.

 

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.