Т.Дүүрэн: Хорионы хугацаанд давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг үнэгүй олгож байна

2020-02-11 Бизнес

Дэлхийн бусад оронд шинэ коронавирусийн халдварын тархалт аюулын харанга дэлдэж буй энэ цаг үед ДЭМБ-аас манай улсыг эрсдэлтэй орны тоонд газар зүйн байрлалынх нь хувьд, зүй ёсоор оруулсан.

Манай улсын тухайд, коронавирусийн тархалтаас үүдэлтэй хорио цээрийн онцгой дэглэм тогтоон ажиллаж байна. Тэгвэл МҮХАҮТ нийгмийн хариуцлагын хүрээнд Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг ААН-үүдэд үнэ төлбөргүй олгож эхэллээ. Зүй нь бизнес эрхлэгчдэд нийгэмд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан багагүй хохирол үүсч, гэрээний үүргээ биелүүлж чадахгүй эрсдэлд орох өндөр магадлалтай байгаа юм. Тиймээс бизнес эрхлэгч Та бүхэн МҮХАҮТ-д хандан Давагдашгүй хүчин зүйлийг тодорхойлуулж, бизнесээ хамгаалах сайхан боломж бүрджээ.

Энд нэг зүйлийг тодруулахад, Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ гэдэг нь өөрөөс хамаараагүй нөхцөл байдлын улмаас гэрээгээ зөрчих, нэмэлт торгууль, хүү, алданги төлөх зэрэг тооцоолоогүй эрсдэлээс хамгаалдаг, дэлхийн олон оронд хүчинтэй эрх зүйн баримт бичиг юм.

Тус баримт бичгийн талаар МҮХАҮТ-ийн гүйцэтгэх захирал Т.Дүүрэн “Дайн дажин, өвчин, байгалийн гамшиг зэрэг урьдчилан таах боломжгүй нөхцөл байдал үүссэнээс тухайн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжгүй болсон тохиолдолд Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ олгодог. Энэ нь гэрээгээ зөрчиж буй хэрэг бус харин давагдашгүй хүчин зүйл өрнөж буй хугацаанд алданги, торгууль төлөхгүй байх нөхцөлийг ААН-үүдэд олгож буй хэрэг юм. Хөл хорио тогтоосон энэ үед ялангуяа гадаадын хөрөнгө оруулалттай үйлчилгээний байгууллагууд Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ авахаар их хандаж байна. Иймд МҮХАҮТ нийгмийн хариуцлагын хүрээнд 550.000-1.000.000 төгрөгийн үнэтэй байдаг энэхүү гэрчилгээний хураамжийг 3 дугаар сарын 2 хүртэл чөлөөлөх шийдвэр гаргасан” хэмээн тодрууллаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.