НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлэхгүй байх Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авлаа

2019-12-12 Парламент

 

Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуульд Ерөнхийлөгч Х.Баттулгын хэсэгчлэн тавьсан хоригийг УИХ-ын чуулганаар дөнгөж сая хэлэлцээд Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэхгүй байх хоригийг нь гишүүдийн 51.2 хувийн саналаар хүлээж авлаа. Өөрөөр хэлбэл, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдсэх байсан НДШ-ийн хоёр хувийг нэмэхгүй.

Учир нь Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174,2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн хориг тавьсан байсан юм.

Тодруулбал, ирэх оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих, хоригийн хавсралтад дурдсан, 1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн, Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан 1,828,930.3 сая төгрөгөөс 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулахаар тухай зүйлд хэсэгчлэн, ирэх оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тус тус тавьсан хоригуудыг УИХ хүлээж авсангүй.

Ийнхүү УИХ-аас Ерөнхийлөгчийн тавьсан нэг хоригийг хүлээн авсантай холбоотойгоор 2020 оны Төсвийн тухай хууль болон холбогдох хуулиадад нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газар санаачилж, ирэх долоо хоногийн УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх үүргийг УИХ-ын дарга Г.Занданшатар өглөө. Тэрбээр мөн Нийгмийн даатгалын санд учруулсан хохирлыг буруутай этгээдүүдээр төлүүлэх шаардлагатай гэж үзэж, УИХ-ын гишүүн Б.Жавхлангаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулах тогтоол гаргаснаа мэдэгдлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.