Д.БАЯРСАЙХАН: ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛЬ БОЛ ПРОЦЕССЫН ХУУЛЬ БАЙХ ЁСТОЙ

2019-12-12 Нийгэм

Өмгөөллийн тухай хууль батлагдсан болон тус хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьсан асуудлаар Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D)., профессор Д.Баярсайхантай ярилцлаа.

-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хуулийн зорилго юу байсан, зорилгодоо хүрч үйлчилж, хэрэгжиж чадаж байна уу?

-2008-2012 онд ажилласан УИХ-ын бүрэлдэхүүн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг 2012 оны гуравдугаар сарын 07-нд баталсан байдаг. Миний хувьд хууль боловсруулах ажлын хэсэгт орж ажиллаагүй ч гэсэн энэ хуулийг батлахыг болон Монголын Хуульчдын холбооны тогтолцоог эхнээс нь дэмжиж ирсэн. Энэ хууль батлагдаад 7 дахь жилдээ хэрэгжиж байна. Хууль хэрэгжсэнээр урьд нь хоорондоо уялдаа холбоогүй, тархай бутархай байсан хууль зүйн мэргэшлийн субъектүүд болох шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, хуульч багш зэрэг хүмүүсийн мэргэжлийн үйл ажиллагааг нэгтгэх, хариуцлагын тогтолцоог шинээр бий болгоход маш том үүрэг гүйцэтгэсэн. Ялангуяа хууль зүйн дээд боловсрол эзэмшсэн хүмүүс прокурор, шүүгч, өмгөөлөгч болоход тодорхой шалгуур байдаг. Энэ сонгон шалгаруулалтын тогтолцоог бий болгож, 2014 оноос энэ сонгон шалгаруулалтыг авч хэрэгжүүлсэн нь хуульчдын мэдлэг чадварыг олон улсын жишигт ойртуулах, эрх зүйчээр төгссөн хүмүүс цаашид хуульч болоход нь тавигдах ёс зүйн болон мэргэжлийн, ур чадварын шаардлагыг өндөржүүлэхэд маш том реформ болсон. Нөгөө талаар Монгол Улсад 2010 оноос эхлээд хууль дээдлэх ёс ноцтойгоор алдагдсан, авлига болон албан тушаалын гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрсэн. Мөн гэмт хэргийг илрүүлэх, мөрдөх, шүүн таслах, хууль зүйн туслалцаа үзүүлэх ажиллагаанд мэргэжлийн хуульчдын сэтгэлгээ, ур чадвар нэлээд доголдож ирсэн. Тийм учраас энэ хуулийг батлах хэрэгцээ шаардлага байсан гэж харж байгаа. Энэ хууль хэрэгжиж, Монголын Хуульчдын холбоо байгуулагдсанаар маш олон үр дүнтэй, нийгэмд нөлөөлөхүйц нөхцөл байдал бий болсон гэж хардаг. Монголын Хуульчдын холбоо эрчимтэй ажиллаж, дотооддоо төдийгүй гадаад улс орнуудад үнэлэгдсэн томоохон байгууллага болон хөгжиж байгаа. Энэ холбоо нь нийтийн эрх зүйн хуулийн этгээд буюу төрийн чиг үүргийг өөртөө авчихсан маш том статустай мэргэжлийн ассоциац. Монголын Хуульчдын холбооны үнэ цэнэ цаашдаа ч ач холбогдолтой хэвээр байна байх гэж найдаж байна.

-Гэтэл “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар өмгөөлөгчдийн нэр хүнд унасан, эрх зүйн байдал дордлоо” гэх яриа гарах болсон. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Нийгэмд өмгөөлөгч, шүүгч, прокурорын нэр хүнд, тэдний үнэлэмж ямар байх нь нэг талаас хуулийн тогтолцооноос хамаарах ч нөгөө талаас тухайн өмгөөлөгчийн ур чадвар, ёс суртахуун, нэр хүнд, үйл ажиллагаанаас шууд хамаарч байгаа юм. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдснаар 2002 оны Өмгөөллийн тухай хууль хүчингүй болсон. Ингэснээр социализмын үед төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байсан өмгөөлөх байгууллагын тогтолцоо байхгүй болж дэлхий нийтийн жишигт нийцсэн Хуульчдын холбоо гэх байгууллага гарч ирсэн. Энэ бол өмгөөлөгчдийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх үйл явдал биш л дээ. Өөр шалтгаантай холбоотой байх, түүнээс биш Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай шууд холбож ойлгож болохгүй.

-УИХ-аас Өмгөөллийн тухай хуулийг 2019 оны 10 дугаар сарын 18-нд эцэслэн баталсан. Тус хууль батлагдсантай холбоотой судлаачид болон хуульчдын дунд нэлээдгүй маргаан өрнөж байна. Энэ хууль батлагдсанаар ямар үр дагавар гарах вэ, Та судлаач, эрдэмтэн хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Тус хуулийн батлагдсан төслийг бол ерөнхийд нь харсан. Ерөнхий концепци нь Монголын Хуульчдын холбооны чиг үүргийг үгүйсгэсэн, энэ холбооны оронд Монголын өмгөөлөгчдийн холбоог бий болгохоор тусгасан байна. Дээр нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд байгаа хуульчийн эрх, үүргийг давхардуулсан байдлаар оруулсан байна билээ. Энэ нь хуулийн хийдэл үүсгэх маш ноцтой байдалд орно. Би үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа. Хоёрдугаарт, органик хууль болсон байна. Нэр нь процессын маягтай боловч зальтай хийгдсэн байна билээ. Өөрөөр хэлбэл, хуульд Монголын Өмгөөлөгчдийн холбоо нь гишүүнчлэлтэй, нийтийн эрх зүйн хуулийн этгээд байж, өмгөөлөгчийг нэгтгэсэн, татварыг гартаа барьсан, өмгөөлөгчийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангасан гээд маш том данхар бүтцийг тавьж өгснөөрөө органик буюу материаллаг хууль болж, процессын шинж нь алдагдсан. Ингэснээр Монголын Хуульчдын холбооны статус, бүрэн эрх рүү маш ноцтой халдсан байна. Өмгөөллийн тухай хууль бол процессын хууль байх ёстой. Тодорхой процесс ажиллагаанд өмгөөлөгчийн оролцоо ямар байх вэ гэдгийг, эсвэл өмгөөлөгчийн халдашгүй эрхийг баталгаажуулсан байх ёстой. Өмгөөлөгч хүн өмгөөлөл хийснийхээ төлөө ямар нэг дарамт шахалтад орох, гүйцэтгэх, тагнаж турших ажиллагаанд орох, мэдүүлэг өгөх, дарамтлах байдлаас ангид байх зохицуулалтыг тусгасан өмгөөллийн бие даасан хууль бол гадны зарим улсад байдаг. Гэтэл батлагдаад байгаа Өмгөөллийн хуулийг харахаар органик буюу байгууллагын тухай болчихсон байгаа юм. Монголын Хуульчдын холбооны дотор Өмгөөлөгчдийн хороо гэж бий тиймээс дээр дурдсан үйл ажиллагааг тэр хороогоор дамжуулан зохицуулаад явах бүрэн боломжтой гэж миний хувьд харж байгаа.

-Өмгөөллийн тухай хууль батлах нэг үндэслэлээ иргэдийн өмгөөлүүлэх эрх зөрчигдөж байна гэж тайлбарласан байдаг. Иргэдийн хууль зүйн туслалцаа авах эрх үнэхээр зөрчигдөж байна уу?

-Өмгөөлөгч хүн бол хууль зүйн туслалцаа үзүүлэх, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх, шүүхэд төлөөлөх эрхийг хангуулахтай холбогдолтой үндсэн үйл ажиллагаа явуулдаг. Энэ үйл ажиллагааг явуулах эрх зүйн орчин Монгол Улсад хангалттай бүрдсэн. Та бүхэн мэдэж байгаа, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зэрэг бусад процессын хуулиуд батлагдсан. Эдгээр хуульд өмгөөлөгчийн нотлох ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалж оролцох бүхий л талын процессын арга хэлбэр, баталгааг хангах нөхцөлийг нэмэлт, өөрчлөлт оруулах маягаар сайжруулж өгвөл үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хангахад илүү найдвартай зохицуулалт болох юм. Түүнээс зөвхөн Өмгөөллийн хуульд оруулчихаад процессын хуульдаа оруулаагүй байвал үйлчлүүлэгчийн эрхийг хамгаалах баталгаа нь төдийлөн хангагдахгүй.

-Мөн “Өмгөөллийн тухай 2002 оны хуулийг хүчингүй болгож, өмгөөлөгчийн өөрөө удирдах ёсны байгууллагын эрх зүйн байдал зохицуулалтгүй болсон нь НҮБ-аас тогтоосон “өмгөөлөгчид бие даасан мэргэжлийн холбоо байгуулах, түүнд нэгдэн орох” зарчим алдагдахад хүрсэн” гэдэг. Энэ талаар тайлбар хэлбэл?

-Кубын Гавана хотноо 1990 оны наймдугаар сард болсон НҮБ-ын “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” асуудлаарх хурлаас баталсан тус конвенцыг зөвхөн өмгөөлөгч гэдэг хүнд л хамааралтай гэж ойлгож болохгүй. Lawyer гэдэг үгийг common law, англи, америкийн системийн орнуудад бол голдуу өмгөөлөгчтэй холбож ойлгодог бол баруун европ болон скандинавын орнуудад хуульч гэдгээр ойлгодог. Тогтолцооны зүйл бас байгаа юм. Энэ бол хуульчдад холбоотой конвенц. Тэгэхээр Өмгөөллийн холбоо байгуулахдаа энэ конвенцод заасан учраас гэж хэлж, тайлбарлаж болохгүй. Тэгж ярьвал, 2012 онд байгуулагдсан Монголын Хуульчдын холбоо бол НҮБ-ын энэ конвенцын агуулгыг илүү тод илэрхийлсэн байдаг. Нөгөө талаар, Өмгөөллийн тухай хууль хэрэгжээд явбал, өмгөөлөгчид Монголын Хуульчдын холбооны гишүүнчлэлээсээ татгалзах магадлалтай, хэрэв татгалзвал Хуульчдын холбооны эрх зүйн чадамж алдагдахад хүрнэ. Цаашлаад татан буугдах эрсдэлтэй.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавиад байгаа. Энэ хоригийн үндэслэлийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Хоригийн гол санаа нь давхардсан чиг үүрэгтэй, ижил төрлийн холбоо байж болохгүй гэсэн байна. Түүнчлэн хоригт Хуульчдын холбооны үйл ажиллагаа нийгэмд хүлээн зөвшөөрөгдөж байгааг онцолсоны зэрэгцээ Өмгөөллийн хуулийг батлахдаа хэд хэдэн хууль тогтоомжийг зөрчиж баталсан хэмээн тусгажээ. Би энэ хоригийн үндэслэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ үндэслэл арай ерөнхий тусгагдсан санагдсан. Миний нэмж хэлэх зүйл бол, Хэрэв энэ хууль мөрдөгдөөд эхэлбэл, шүүгчийн хариуцлага алдсаныг шүүгч нь, прокурорынхыг прокурор нь, өмгөөлөгчийнхийг өмгөөлөгч нь шийдвэрлэдэг социализмын үеийн зохисгүй байдал үргэлжлэх юм. Уг нь хуульч гэдэг агуулгаар нь харвал, ёс зүй, сахилгын хороод Хуульчдын холбооны дэргэд төвлөрч ажиллах нь Монгол Улс шиг өвөрмөц орчин бүхий оронд илүү оновчтой.

-Хэрэв Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авахгүй бол ямар үр дагавар бий болох вэ?

-Өмгөөллийн хууль хэрэгжээд явчихвал өмгөөлөгчид хариуцлага, сахилга хүлээлгэх баталгаа алдагдана. Өмгөөлөгчийн эрх зүйн байдал маш хязгаарлагдмал байдалд орно, хуульч мэргэжлийн үнэт зүйлс алдах сөрөг үр дагавартай. Судлаачийн хувьд хэлэхэд, энэ хууль мөрдөгдөөд явбал эрх зүйн хэм хэмжээнд ноцтой хийдэл үүсэж байгаа юм. Тодруулбал, хуульч, өмгөөлөгчдийн үйл ажиллагааны чиг үүрэг, эрх ашгийг хамгаалах, мэргэжлийн сургалт зэрэг нэгдмэл тогтолцоо алдагдаад хоёрдмол тогтолцоо руу орчихож байгаа юм. Хууль зүйн талаас нь авч үзвэл, нийгмийн төдийгүй хууль зүй үр дагавар ихтэй. Ямар үр дагавар байна гэхээр, Хуульчдын холбоо Өмгөөлөгчдийн холбооны үйл ажиллагаа уялдахгүй, аяндаа нэг нь оршихоос өөр гарцгүй болох юм. Монголын Хуульчдын холбооны гишүүнчлэлийн дийлэнх хувийг өмгөөлөгчид бүрдүүлж байгаа. Тэгэхээр өмгөөлөгчид холбоотой болохоороо гишүүнчлэлээсээ татгалзаад явна, тэгэхээр бусад шүүгч, прокурор ч татгалзахыг үгүйсгэхгүй. Ийм байдал руу орохоор Монголын Хуульчдын холбоо цаашдаа үйл ажиллагаагаа хэвийн явуулах, оршин тогтнох ямар ч боломжгүй болох эрсдэлтэй. Судлаачийн хувьд, Монголын Хуульчдын холбоо чадамжгүй болно гэж төсөөлөөд байна л даа. Буруу ойлгож байж болох юм, гэхдээ л үр дагавар их байна. Хэрэв Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авахгүй, энэ хууль хэрэгжээд Монголын Хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо зэрэгцээд оршино гэвэл эрсдэл үүснэ. Жишээлбэл, давхар татварын тогтолцоо, бодлого нь нэгдмэл бус байх, дээр нь чиг үүргийн хуваарилалт, үнэт зүйл алдагдана. Хэрвээ Хуульчдын холбоог үгүйсгээд татан буулгалаа гэхэд эрх зүйн шинэтгэлийн маш том үнэт зүйл бүрэн нурж унана. Энэ бол маш харамсалтай зүйл. Уг нь энэ маш чухал тогтолцоо, би анхнаас нь дэмжиж байсан, дахин сэргээнэ гэдэг үнэхээр хэцүү. Тийм болохоор УИХ-ын гишүүд цаашдын үр дагавар, мэргэжлийн хүмүүсийн хэлж байгаа санал, дэлхийн жишиг зэргийг харж, Өмгөөллийн тухай хуулийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж бодож байна. Хэрэв хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн цэцэд хандах боломж бас бий.

Өмгөөллийн тухай хуулийг батлах асуудал байхыг үгүйсгэхгүй, гэхдээ тэр нь процессын шинжтэй байх ёстой. Нэг талаас процессын үйл ажиллагаанд оролцох, мөрдөн байцаах, мэдүүлэг гаргуулах, цагдан хорих ажиллагаанд өмгөөлөгч оролцохдоо ямар арга хэлбэрээр оролцох вэ гэдгийг процессын хуулиудад нь тусгаж өгөх, эсвэл өмгөөлөгч мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад халдашгүй байх эрхийг баталгаажуулахад чиглэгдсэн хууль байх ёстой.

Түүнээс биш Өмгөөлөгчдийн холбоо гэж байгууллага гаргаж ирээд социализмын үеийнх шиг тогтолцоог сэргээж байгаа нь ноцтой асуудал. Нөгөө талаас Өмгөөллийн тухай хуульд байгаа “Монголын өмгөөлөгчдийн холбоотой байх” тухай заалтуудыг хүчингүй болгоод зөвхөн өмгөөллийн процесс ажиллагаанд халдашгүй эрхийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэх заалтуудыг үлдээгээд, хэрэгжүүлээд явах боломжтой гэж харж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.