Үнэт зүйлээс олсон олз

2021-06-20 Танил биш танил


Тэр дөнгөж эхлүүлээд байна. Хэдийгээр СУИС-д оюутан байхдаа Б.Бадар-Ууган найруулагчид тоогдож, “Уулын хөх сүүдэр” кинонд урлагийн нэгэн үеийн “мундагууд”-тай мөр зэрэгцсэн анхны дүрээ бүтээж, “Тавилан” киногоороо олны сонирхлыг чамгүй татаж, “Боолын гэрээ” хүнд драмаараа нийгмийг цочроож, “Бодлын хулгайч”-аар үзэгч, шүүмжлэгчдээс өндөр үнэлэлт хүртэн, “Үргээлэг”-ээр түүнийгээ баталж, “Нэтфликс”-ийн “Марка Поло” цувралын Аригбөх хааныг энэ цагт “авчирсан” ч энэ бүхэн түүний хувьд эхлэл. Балжиннямын Амарсайханаас хүлээх үзэгчдийн хүлээлт ийм юм.

Б.Амарсайханыг өөрийн гэсэн юмтай, дүр бүр нь шинэ, энгийн хэрнээ өгүүлж болшгүй зүйлсийг илэрхийлж чаддаг Монголын шинэ цагийн кино урлагийн нэгэн үзэгдэл хэмээх хүн цөөнгүй. Түүний дүрээс дүрд шилжихдээ хэрхэн хөгжиж, өөрчлөгдөж байгааг бид түүний бүтээсэн омголон, бадрангуй, сэргэлэн, хэрцгий дүрүүдээс харсан. Харин энэ удаад “Нэтфликс” компанийн санхүүжилтээр хийгдэж буй “Марко Поло” олон ангит киноны Ариг Бөх гэж хэн бэ гэдэг хэн бүхэнд сонин. Тэр энэ дүрээр монгол жүжигчдийг холливудад төлөөлж чадсан болов уу. Тэндээс тэр өөртөө юу авч үлдсэн бол.

Дэлхийн 30 гаруй орны 900 гаруй уран бүтээлч оролцсон уг киноны тухай “Баатарлаг Марко Поло Хубилай хааныг нинжа маягийн алуурчдаас аварч, Ариг Бөхийн хуйвалдааныг тагнан илрүүлдэг. Бодит түүхээрээ бол Ариг нь Марко Полог 12 настай байхад амь үрэгдсэн гэдэг. Бас тэр гунигт автаж зовсон Кокачин гүнжийн хайрыг булаадаг” зэргээр Монголын түүхийг гуйвуулсан, Монголд бус Казахстан, Хятад, Итали, Малайзад зураг авалт хийсэн, Ариг Бөх хоёрдугаар үзэгдэл дээр амиа алдсанаар сүр дуулиан болоод байсан монгол дүр сериалаас хасагдлаа” гэх мэт гомдлууд ар араасаа цуварч буй. Гэвч энэ нь нэг талаар фантаз сериал, нөгөөтэйгүүр уг кино зохиолыг бүгдэд, ялангуяа монголчуудад таалагдахын тулд бичих шаардлагагүй юм.

Харин Б.Амарсайхан уг уран бүтээлчдийн багт хэрхэн ажилласан, яагаад хоёрдугаар үзэгдэл дээр “амь үрэгдсэн” тухайгаа “Монголчуудын түүхийг барьж, бүтээл хийж байгаа учраас намайг сонгоход нь нөлөөлсөн байж болох. Харин миний хувьд тэр түүхийн эзэн нь одоо ч ийм зүйлийг хийж чадна гэдгийг харуулахын тулд, дээр нь араасаа өөр олон жүжигчид дагуулахын тулд илүү хичээсэн. Холливудад гарах мэдээж хэцүү. Англи хэл дээр ярьж тоглох гээд наад захын үзэгдлийг бол даваад гарч болно. Харин манайх шиг жижиг зах зээлтэй орны жүжигчид тэнд очно гэдэг л хамгийн хэцүү нь. Яагаад Хонконгоос Жэкиг, Солонгосоос сериал жүжигчдийг аваачдагийн учир нь эргүүлээд тухайн орны зах зээлд гаргахад ашгаа олж чадах хэмжээний том орон зайтай байдгаас тэр. Харин манайд бол бүтээгдэхүүнээ борлуулах зах зээлийн лангуу дэндүү цөөхөн байна. Энэ утгаараа дүрийн хуваарилалт тийм байсан байж мэднэ. Гэхдээ найруулагч Жоачим Роннинг, Эспен Сэндберг нар “Ариг Бөхийг арай эрт үхүүлчихлээ. Яаж дахин амилуулах вэ. Зүүдэнд нь хар даруулж, үзэгдүүлэх үү” гэсэн нь магадгүй миний хичээл зүтгэлтэй холбоотой байх. Би хэн нэгэнд тоогдох гэж хичээсэн юм биш. Би тэнд Монголыг төлөөлж байгаа учраас өөрийгөө харуулах гэж оролдсон юм. Мөн найруулагчид Монгол Казахстанаас илүү их өртөгтэй, киног хийхэд их мөнгө зарцуулна. Бас хугацаа богино байна гэж байсан” хэмээн тэрбээр тов тодорхой хариулаад авсан. Гомдол эрж, голж шилсэн үзэгчдэд үүгээрээ хариулт өгөхийн зэрэгцээ Монголын кино урлагийн тайз, дэлгэц илүү олшрох шаардлагатайг хэлээд авсан.

Түүнчлэн уг уран бүтээлээс түүний олзолсон хамгийн том зүйл нь жүжигчний хэлснээр “Их хаанаа Жингис, Гингис биш Чингис гэж дуудуулсан нь тэр багт монгол хүн байсных” гэсэн үгнээс нь ойлгогдоно. Учир нь тэр дахин нэг үнэт зүйл олж авчээ. Дахин нэг гэж онцолсны учир нь түүний “Боолын гэрээ”, “Бодлын хулгайч”-д бүтээсэн дүрүүд амьдралын мөн чанар, эрэл, жүжигчний дотоод хөгжлөөр үзэгчдэд үнэт зүйлийг нь ойлгуулах гэсэн оролдлого байсныг кино шүүмжлэгчид хэлдэг. Харин энэ удаад тэр дэлхийн кинотеатруудад өөрийнхөө бус Монголын үнэт зүйлийг “тавьж” чадлаа. Зөвхөн энэ нь л түүний монголчуудыг холливудад хэрхэн төлөөлснийг хангалттай харуулна.

Гэхдээ тэр бас өөр нэг зүйлийн талаар тодорхой дуугараад амжсан. Юу гэхээр тэрбээр нэгэн ярилцлагадаа “Бид бүгдээрээ хөгжил дэвшлийг уул уурхай, алт нүүрсээр хэмжээд байна. Гэтэл өвөг дээдэс маань өөрсдийнхөө түүх гэдэг асар үнэт олдворыг бидэнд үлдээж. Одоо дэлхий тэр өв рүү харж эхэлж байна. Саяны зураг авалтаар зөвхөн Казахстанд гэхэд л 26 сая америк доллар зарцуулчихлаа. Манайх ганцхан том павильонтойсон бол Монголын бүх студи хөл дээрээ босох байлаа шүү” гээд хэмээн шүүрс алдсан байв. Энэ нь түүний  урлагийн менежмент мэргэжлийн хэмжээнд хүртэл хөгжсөн барууны ертөнцийн өнөөдрийг өөрийнхтэйгөө жишиж харсан үнэлэлт. Бас зөвхөн кино бүтээгээд байх нь уран бүтээлчийн ажил биш юм гэдгийг бусдадаа хэлж өгсөн явдал юм. Марко Поло дахь Ариг Бөхөөс өнгөцхөн дүгнэлт хийхэд тэр ийм зүйлтэй иржээ.

Одоо тэр бусдаас үнэт зүйлээрээ ялгардаг болсон. Уран бүтээлээс уран бүтээл рүү хөрвөхдөө шинэ шинэ үнэт зүйлсийг бусдад өгөхөөс өөр аргагүй дадлыг өнгөрсөн хугацаанд өөртөө бат суулгажээ. Тиймээс дараагийн уран бүтээл нь түүний хувьд эхлэл байх болно.

Эх сурвалж: Newsmedia.mn

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.