Хэрлэнбаян-Улаан аймаг дундын отрын бүс нутагт 285 мянган толгой мал отроор өвөлжинө

2019-11-20 Мэдээ, мэдээлэл

Хэрлэнбаян-Улааны аймаг дундын отрын бүс нутгийн орон тооны бус зөвлөлийн хурлаар аймаг дундын отрын бүс нутагт хонин толгойд шилжүүлснээр 285.0 мянган толгой мал отроор өвөлжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд үүний 70 мянган толгой малыг гадны аймгаас оруулахаар төлөвлөжээ.

Тус бүс нутагт Дэлгэрхаан, Цэнхэрмандал, Жаргалтхаан сум, Хэрлэнбаян-Улаан тосгоны 280 өрхийн хонин толгойд шилжүүлснээр 288 мянган мал өвөлжихөөр хүсэлтээ гаргаад байгаа юм байна.

Тиймээс отрын бүс нутгийн орон тооны бус зөвлөлөөс дээрх 3 сум 1 тосгоны малчин өрхөөр орж, зөвшөөрлийн хуудас олгоно. Урьд жилүүдийн байдлаас үзэхэд хүсэлт гаргасан өрх бүр оторлодоггүй бөгөөд энэ тоо буурах магадлалтай юм. Тиймээс гаднаас мал оруулсан ч квотондоо бариулна гэдгийг отрын бүс нутгийн орон тооны бус зөвлөлийн нарийн бичиг н.Тайванжаргал танилцууллаа.

Мөн гадны аймгаас малчид зөвшөөрөлгүй нүүж ирэх магадлалтай тул Хэрлэнбаян-Улаан тосгоны захирагчийн алба, Мал эмнэлэг, Цагдаагийн газрын албан хаагчдын хамтарсан хоёр пост ажиллуулах, отрын бүс нутгийн орон тооны бус зөвлөлөөс хөдөлгөөнт эргүүл ажиллуулахаар тус тус шийдвэрлэжээ.

Эх сурвалж: Хэнтий аймгийн ЗДТГ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.