ҮХЦ-ийн дарга Б.Одбаярын бүдүүлэг үйлдэл бидэнд юу ойлгуулав?

2019-11-8 Нийгэм

1. Хүүхэд наснаасаа л охидуудын биед нь эрээ цээрээгүй хүрч, айлгаж ичээдэг байснаас улбаатай бидний бүдүүлэг харилцааны согогийг мэдрүүлэв. Эцэг эхчүүд, багш нар энэ талаар ѳѳрсдийн үр хүүхдүүддээ багаас нь хэлж сануулж заншаагүйн гай. Одоо хэр нь гудамжинд хийх ажилгүй бѳѳгнѳрч зогссон эрчүүд дэргэдүүрээ ѳнгѳрѳх бүсгүйчүүд рүү шалиг харцаар харж, элдэв гаж үг хэллэгээр хашгиралдан, хѳх ѳгзгѳнд нь эрээ цээргүй хүрч айлгаж ичээсэн нэгнээ бахдан инээлдэх дүр зураг нь бидний харилцааны соёлын нийтлэг хэм хэмжээ. Бид энэ байдалдаа бүр дасал болчихсон

2. Зарим эрчүүд эмэгтэйчүүдэд гологдож байгаагаа мэдрэх тусмаа хорсолтой сэтгэл тѳрж, тэдэнд бүдүүлгээр ханддаг үйлдлийг бид хэзээ ч хуулийн хэм хэмжээгээр хязгаарлаж байгаагүйн муу нѳлѳѳ энэ. Эмэгтэйчүүд хүүхдүүдийг хүчирхийлэх үйлдэл багасахгүй байгаа нь, иргэд хоорондын харилцааг хуулиар зохицуулан хамгаалах үүргээ Тѳр биелүүлэхгүй байгаагийн нотолгоо. Ийм үзэгдэлийн талаар бидний ихэнх нь “За сүртэй юм, яав л гэж” хэмээн хандсаар бүр сурчихаж

3. Манай олон улстѳрчдийн ёс зүйн хэм хэмжээ ямар доод түвшинд байгааг Б.Одбаяр гэдэг нѳхѳр нотлоод үзүүлэв. “Мѳнгѳтэй эрх мэдэлтэй байхад муусайн бүсгүйчүүд хүссэн болгоныг минь биелүүлэх ёстой” гэсэн тэнэг бардамнал мэдрэгдээд байна. Зарим тохиолдолд эрх мэдэл, мѳнгѳний тѳлѳѳ тэдэнд “биеэ үнэлж” байгаа бүсгүйчүүд ч тодорхой хэмжээгээр буруутай. Ер нь одоогийн зарим улстѳрчдийн хүчирхийлэлтэй холбоотойгоор буруутгагдаж байгаа үйлдлүүд ингэж бодогдуулахад хүргээд байна

4. Бидний дээр байгаа улстѳрчдѳд ёс суртахуун муу байгаа, албан тушаал эрх мэдэл дээр хуйвалдаж очдог, бие биенээ хамгаалж хаацайлдаг тогтолцоо байгааг харуулаад байна. Асуудал хѳндѳгдѳж эхэлж байхад ҮХЦ, ГХЯ, УИХ ын дарга нарын мэдэгдэл, сэтгүүлчдийн асуултад хариулж байгаа хариулт нь, тэд ерѳѳсѳѳ ХАРИУЦЛАГА гэдэг ойлголтыг маш муу мэддэг нь ойлгогдож байв. Зүгээр л эрх мэдэлтэн албан тушаалтнууд бие биедээ итгэдэг гэхээсээ зусарддаг, хуйвалддаг байдал нь анзаарагдаад байгаа мэт

5. Манайхан гадаадад зорчихдоо хууль дүрэм сахидаггүй, бүдүүлэг заваан, байнга архидан согтуурч байдаг жишээг Б.Одбаяр энэ удаад ѳѳрийн биеэр нотлон үзүүллээ. Улстѳрчдийн гадаад томилолт болон ажил хэргийн аялалд ѳѳрсдийгѳѳ хэрхэн бэлтгэж, биеэ хэрхэн авч явдгийн тод жишээ. Бид ийм байдлаараа дэлхий ертѳнцѳд ѳѳрсдийн эх орноо “дампуурчихсан” байдлаар сурталчлаад байна даа. Тэгэхээр хэн бидэнд итгэж, хэн бидэнтэй хамтран ажиллах вэ?

6. Аливаа улс орон ѳѳрийн иргэний амь нас, аюулгүй байдлыг хэрхэн хамгаалдаг талаар Солонгос Улс бидэнд ил тод хичээл зааж сургав. Бид элдэв шалтаг шалтгаан олж тэдний “буруу”, “зѳв” гэж маргалдахаас, ѳѳрсдѳѳ сурч хэрэгжүүлэх зүйлс их байна гэдгээ хүлээн зѳвшѳѳрѳх хэрэгтэй. Иргэний нийгэм байгуулж чадахгүй байгаагаа бид ѳѳрсдѳѳ мэдэрч байна. Улсад нэг иргэн ямар үнэ цэнэтэй байдаг тухай бид кино үзэж сонин уншиж шуугиж байснаас яг амьдралын бодит байдал дээр ингэж мэдэрч байгаагүй ээ

Тэгээд яах ёстой юм бэ? Гэж үү.

1. Бид яг одооноос хүүхдүүддээ харилцааны соёлыг зааж, эмэгтэй хүнийг хэрхэн хүндлэх талаар дадаж хэвшүүлэх хэрэгтэй байна. “Эмэгтэй хүнийг цэцгээр ч цохиж болохгүй” гэдгийг хэлж сургах хэрэгтэй байна

2. Хүчирхийлэл болон эмэгтэй хүнтэй бүдүүлгээр харилцсан хүмүүст хатуу шийтгэл оногдуулж олон нийтэд жигшүүлж байх хэрэгтэй байна. Ѳѳртэй нь бүдүүлэг харьцсан, биед нь эрээ цээргүй хүрсэн этгээдийг цагдаад мэдэгдэж ѳѳрийгѳѳ болон бусад эмэгтэйчүүдээ хамгаалж сурах нь бүсгүйчүүд та нарын ѳѳрсдийн тань үүрэг

3. Улстѳрийн шийдвэр гаргах эрх мэдэлд томилох хийгээд сонгогдох хүмүүсийн ёс зүйн хэм хэмжээг хамгийн хатуугаар хуульчилж хянах хэрэгтэй байна. Ѳчүүхэн жижиг алдааныхаа тѳлѳѳ хариуцлага хүлээж огцордог, хуулийн заалтын дагуу хатуу шийтгэл хүлээдэг болговол хэн дуртай нь энэ эрх мэдэл рүү зүтгэхгүй дээ

4. Монголчууд бид жалгын сэтгэлгээ болон амьдралын хэв шинжээсээ салж, дэлхийн хэмжээнд сэтгэж, соёлжиж амьдрах цаг аль хэдийн болсон. Харилцааны соёлд суралц аа хүмүүс ээ. Бие биедээ “баярлалаа”, “уучлаарай” гэж хэлж сурахаас энэ соёл эхэлдэг юм аа

5. Хэн нэгний бүдүүлэг үйлдлийг нийтээрээ хѳхүүлэн дэмжиж маазарч байснаас, сургамж авч хүн бүр дор бүрнээ хичээхэд болоод л явчихна. “Гудамжны атаман” маягийн харилцаа аль хэдийн моодноос гарчихсан шүү дээ, залуус аа

Бидний үзэн ядаж шоолоод байгаа Б.Одбаярын энэ бүдүүлэг үйлдэл, монголчууд бидэнд харилцааны соёлын талаар харанга дэлдэн анхааруулж байна. Хагархай толинд бид ѳѳрсдийн бүдүүлэг дүрсээ харж байна. “Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргиж” байгааг бид ѳѳрсдѳѳ харж, сонсож байна. Зүгээр л чи, би, бид дор бүрнээ хичээхэд л шийдэгдэж болох асуудал л даа.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.