Утаа, дуу ихтэй автомашины гэрчилгээг түр хураана

2019-09-18 Нийгэм

Утаа, дуу ихтэй автомашины гэрчилгээг түр хураана

Тээврийн цагдаагийн газраас утаа хаялт ихтэй, дуу намсгуур нь стандартад нийцээгүй зөрчилтэй тээврийн хэрэгслүүдийн техникийн гэрчилгээг түр хураан авч, зөрчлийг арилгуулж, арга хэмжээ тооцуулахаар оношилгооны төвүүдэд шилжүүлэн ажиллаж байгаа ажээ. 

Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралт “Тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалт”-ын 4.1. Хөдөлгүүрийн утаа, түүний найрлага дахь хорт бодис, тортогжилтын хэмжээ нь MNS 5013, MNS 5014 стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн /утаа хаялт ихтэй/, мөн 4.4. Яндан, дуу намсгуур гэмтсэн буюу байхгүй болсон, яндангаас гарах дуу чимээний түвшин MNS 4599 стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн /бүдүүн яндантай/ бол зөрчилд тооцох үндэслэл бүрддэг байна. Нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж агаар орчныг бохирдуулж, тэдний амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа тул зөрчилтэй тээврийн хэрэгслийг гэрчилгээг нь түр хураах аян эхлүүлжээ.

Тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгч хүн, хуулийн этгээдийн зүгээс үйл ажиллагаандаа ашиглаж байгаа тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг тогтмол шалгаж, эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхад анхаарал хандуулах шаардлагатай байгааг Тээврийн цагдаагийн газраас анхаарууллаа.

Тээврийн цагдаагийн албаныхан Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Авто тээврийн үндэсний төв /ТӨҮГ/-ийн хамтран авто тээврийн хэрэгслээс ялгарах хаягдал утааны найрлага дахь хорт бодис зөвшөөрөгдөх дээд хэмжээнд байгаа эсэхийг шалган тогтоож, үнэлгээ дүгнэлт өгөх, илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ тооцох, зөрчлийг арилгуулах зорилгоор дээрх байгууллагуудтай хамтран нийслэлийн хэмжээнд тодорхой цэгүүдэд хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байгаа ажээ.

Хяналт шалгалтаар өдөрт 400-500 тээврийн хэрэгслийг шалгаж, 100 гаруй зөрчлийг илрүүлж, үүнээс оношилгоонд хамрагдаагүй, утаатай, бүрэн бус, өнгө үзэмжгүй, зэрэг зөрчилтэй тээврийн хэрэгслийг илрүүлж шаардлагатай тохиолдолд хөдөлгөөнийг үргэлжлүүлэхгүй байх арга хэмжээг авч ажиллаж байгаа юм байна.

Утаа, дуу ихтэй автомашины гэрчилгээг түр хураана

Утаа, дуу ихтэй автомашины гэрчилгээг түр хураана

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.