Д.ДУЛАМСҮРЭН: Автомашиныхаа айркондишнийг мэргэжлийн хөргөлт, агааржуулалтын засварчин, техникчээр цэнэглүүлээрэй

2019-08-30 Нийгэм

-ЭХ ДЭЛХИЙД ЭЭЛТЭЙ ИРГЭН БАЙХЫГ ХҮСВЭЛ ОРЛУУЛАХ БОДИСТОЙ ХӨРГӨГЧ, ХӨЛДӨӨГЧ СОНГООРОЙ-

БОАЖЯ-ны ОЗОНЫ ҮНДЭСНИЙ АЛБА-ны ахлах мэргэжилтэн, хөтөлбөрийн зохицуулагч Д.ДУЛАМСҮРЭН-тэй ярилцлаа.


-Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарал, озоны давхаргыг хамгаалахад иргэн хүний хувь нэмэр юу байх вэ?
-Бидний өдөр тутамдаа хэрэглэж байгаа хөргөгч, хөлдөөгч, төрөл бүрийн хөргүүртэй лангуу, хөргөлттэй агуулах, хөөсөнцөр үйлдвэрлэх төхөөрөмж, автомашины болон тасалгааны айркондишний хөргөлтийн бодис нь озон задалдаг, дэлхийн дулааралд нөлөөлдөг зарим төрлийн хүлэмжийн хий байдаг. Тухайн төхөөрөмжийг цэнэглэх, засварлах, үйлдвэрлэх явцад бодис агаарт алдагдсанаар озоны давхаргыг задлах, дэлхийн дулаарал явагдахад нөлөөлж байдаг. Тиймээс дээрх төхөөрөмжүүдийн аль нэгийг сонгон худалдан авалт хийхийн өмнө хэдхэн асуултад хариулт авч техникийн мэдээллийг шалгах хэрэгтэй. Европийн орнууд маш өндөр стандартын шаардлага тавьдаг учраас бүх мэдээллийг тэмдэглэсэн байдаг. Манайд хаяг шошгот тавих шаардлага, стандарт байхгүй. Тиймээс худалдан авах гэж буй хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмжийнхөө техникийн мэдээллийг хамгийн түрүүн худалдан борлуулагч, импортлогчоос асууж лавлах нь иргэдийг удахгүй хэрэглээнээс гарах хоцрогдсон хөргөх бодистой тоног төхөөрөмж авч хохирохоос аварна.
-Ямар асуултууд вэ?
-Ямар хөргөлтийн бодис хэрэглэдэг вэ, хэзээ хэрэглээнээс гарах вэ, эрчим хүчний хэмнэлттэй юу. Хэрэв та гэрийнхээ хөргөгч, хөлдөөгчийн техникийн мэдээллийг шалгаад үзвэл ихэнх нь R-134a, R-600a хөргөх бодисуудыг ашигласан байгаа. Гэр ахуйн хөргөгч, хөлдөөгчний хувьд R-600a хамгийн сүүлийн үеийн, байгаль орчинд ээлтэй бодис юм.
Харин агааржуулагч төхөөрөмж, хүнсний дэлгүүрийн томоохон хөргүүр, лангуунуудын мэдээллийг харвал R-22, R-410a, R-404A хөргөх бодистой тоног төхөөрөмжүүд дийлэнх нь байгаа. R-22 бол озон задалдаг, хэрэглэж болох хэмжээг нь жилээс жилд багасган хилээр оруулж байгаа бодис. Тиймээс хэрэв шинэ агааржуулагч эсвэл томоохон хөргөлтийн тоног төхөөрөмж худалдаж авах гэж байгаа бол R-22 хөргөх бодистойг авахаас зайлсхийх хэрэгтэй. Учир нь 2030 он хүртэл уг бодисын импортын квот жилээс жилд багасах учир зах зээл дээр олдоц багасч, үнэ нь өснө. Тэгэхээр Та нэгэнт авсан тоног төхөөрөмжөө хөргөх бодисоор цэнэглүүлж чадахгүй, шинийг авахаас өөр аргагүйд хүрэх юм. Энэ төрлийн озон задалдаг бодистой тоног төхөөрөмжийн эрчим хүчний зарцуулалт их. Харин орлуулах бодистой төхөөрөмж эрчим хүчийг 10-20 хувь бага зарцуулдаг. Тэгэхээр иргэд ухаалаг худалдан авалт хийж, шинэ дэвшилтэт орлуулах бодистой төхөөрөмж сонгосноор дэлхийн дулаарал, озоны давхаргыг хамгаалахад хувь нэмрээ оруулж байна гэсэн үг. Мөн мөнгийг тань хэмнэж, хэтэвчинд тань хэмнэлттэй. Ердөө л энэ.

Төрийн худалдан авалт, ЖДҮ-ийн зээл олгохдоо тоног төхөөрөмжийнх нь хөргөлтийн бодисыг хэн ч хянадаггүй. Гэтэл нөгөө 2030 онд үйлдвэрлэл нь хаагдаж, хэрэглээнээс гарах R22 бодис агуулсан төхөөрөмж байдаг. Энэ нь эргээд ашиггүй хөрөнгө оруулалт болж хувирч байна.


Өнгөрсөн онд зоорийн хөргөх төхөөрөмж ихээр импортлогдсон тухай сонссон. Эдгээр төхөөрөмжүүдийн хөргөх бодис нь R22 уу?
– Бүгд R-22. Одоогийн байдлаар 200 тоннын зоорийн хөргүүр, супермаркетын ханын хөргүүр оруулж ирэх нь нэмэгдэж байна. Энэ нь ч ялгаагүй R22. Тэгэхээр энэ төрлийн бодисоо бууруулах, хэрэглээгээ багасгах, дараагийн орлуулах төрлийн бодис руу шилжиж өөрсдийнхөө зах зээл, бизнесийг хамгаалах хэрэгтэй юм л даа. Нэгэнт худалдан авалт хийсэн тохиолдолд дэлхий нийтээрээ 2030 онд R22 хөргөх бодисын үйлдвэрлэл зогсож, импортлохоо болихоор иргэд, компаниуд л хохирч үлдэнэ.
Мөн төрийн худалдан авалт, ЖДҮ-ийн зээл олгохдоо тоног төхөөрөмжийнх нь хөргөлтийн бодисыг хэн ч хянадаггүй. Гэтэл нөгөө 2030 онд үйлдвэрлэл нь хаагдаж, хэрэглээнээс гарах R22 бодис агуулсан төхөөрөмж байдаг. Энэ нь эргээд ашиггүй хөрөнгө оруулалт болж хувирч байна. Улсын төсвөөр худалдан авалт хийх, тогтвортой санхүүжилт, ногоон худалдан авалтын бодлогод ч үүнийг нарийн шалгуурын нэг болгож оруулмаар байна. Хоцрогдсон техник, технологийн хогийн цэг болох нь байна шүү дээ. Энд нэг зүйлийн онцлоход үйлдвэрлэгч улс орнууд өөрсдөө импортлохыг хориглосон байдаг юм билээ.
– R-22 хөргөх бодисыг ирэх онд ямар хэмжээгээр оруулж ирэх вэ?
– Монгол Улсын хувьд эдгээр озон задалдаг бодисуудыг огт үйлдвэрлэдэггүй, 100 хувь импортлон оруулж ирж дотоодын хэрэгцээгээ хангадаг. 2013 онд улсын хэмжээнд 23 тн R-22 бодис импортлох квоттой байсан бол 2019 онд 14 тн, 2020 онд хуваарийн дагуу дахин бууруулж 7 тн бодис импортолно.
Дэлхийн хөгжингүй орнууд озон задалдаг гидрохлортфторт нүүрстөрөгчийн (ГХФН/HCFC) төрлийн бодисуудыг 2020 он гэхэд үйлдвэрлэл, хэрэглээнээс бүрмөсөн халах бол Монгол Улс болон бусад хөгжиж буй орнуудын адил хэрэглэдэг ГХФН/HCFC төрлийн бодисынхоо хэмжээг үе шаттай бууруулсаар 2030 онд бүрмөсөн хориглох юм.

– Хүний эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй тэсрэмтгий, шатамхай бодисууд технологид нэвтэрсэн талаар ярьсан. Үүнийг дэлхийн улс орнууд хэрхэн шийдэж байна вэ?
-Өнөөдөр байгаль орчинд ээлтэй ч хүний эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй тэсрэмтгий, шатамхай, өндөр даралттай хөргөх бодисууд болон техник, технологи нэвтрээд эхэллээ. Үүнийг дэлхийн улс орнууд яаж шийдэж байгаа вэ гэвэл инженер техникийн ажилчид өндөр чадвартай, аюулгүй ажиллагааны дүрэм бүрэн баримталдаг, хэрэглэгчид өөрсдөө тэр тал дээр мэдлэгтэй, зөвхөн сургалтанд хамрагдсан, чадамжийн гэрчилгээтэй техникчтэй компанид хандах ёстойг маш сайн ухамсарлахад гол анхаарлаа хандуулж байна. Жишээ нь Япон улсад энэ чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх нь маш хатуу шаардлагатай бөгөөд зөвхөн сургалтад сууж мэргэшсэн байхаас гадна аж ахуйн нэгж байгууллагад харъяалагдаж байж л энэ мэргэжлээр ажиллаж засвар үйлчилггээ хийх, мөн ААН-үүд нь хөргөх бодис юүлэх, засвар үйлчилгээ хийх гээд тус тусдаа тусгай зөвшөөрөлтэй байдаг. Европийн холбооны улсуудад дүрэм, журмандаа зөвхөн хөргөлт, агааржуулалтын засвар үйлчилгээ хийх сургалтад суусан, гэрчилгээтэй техникч, компани хөргөлт, агааржуулалтын угсралт, засвар үйлчилгээ хийхээр зохицуулсан байх жишээтэй. Манайх шиг хэн дуртай нь ашиг олох зорилгоор “би чадна” гээд баллон үүрээд айлын хөргөгч эвдээд, хүний машины агааржуулагч, цаашлаад машиныг нь эвдээд явдаггүй. Үүний цаана эцсийн хэрэглэгч бидний эрх ашиг, аюулгүй байдал байгаа.
-Чадамжийн гэрчилгээтэй хувь хүн, компани хэр олон байдаг вэ?
– ХНХЯ-ны Мэргэжлийн боловсролын газраас чадамжийн гэрчилгээ олгох тал дээр хамтарч ажиллаж байна. Тухайлбал, ХНХЯ-ны Мэргэжлийн боловсролын газар, Монголын Хөргөлт, Халаалт, Агааржуулалтын холбоотой хамтран “Өмнөх мэдлэг ур чадвар”-ыг үнэлэх үнэлгээний ажлыг зохион байгуулсан. Үүнд ямар ч сургалтад суугаагүй атлаа амьдрал дээр хөргөгч, агааржуулалтын тоног төхөөрөмж засч сурсан 60 хүнд үнэлгээ хийхэд 31 хүн тэнцэж “Чадамжийн гэрчилгээ” авсан. Энэ гэрчилгээ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн QR кодтой. Харин компаниудын хувьд бүх ажилчдаа чадамжийн гэрчилгээтэй болгох шаардлага тавьж байгаа. Энэ ажлыг хийх явцад хийж хэрэгжүүлэх, анхаарах, журмаар зохицуулах олон зүйл харагдсан.

-Хамгийн хяналтгүй байгаа нь автомашины агааржуулалтын шингэнийг хямд үнээр, ямар ч баталгаагүй сольж байгаа явдал гэж компаниуд гомдоллож байна.
-Автомашины айркондишнийг R134а төрлийн бодисоор цэнэглэдэг. Энэ нь озон задалдаггүй боловч уур амьсгалын өөрчлөлт дэлхийн дулааралд сөрөг нөлөөтэй, Киотогийн протоколоор зохицуулагддаг , хүлэмжийн хий. Одоогийн нөхцөлд хэрэглэгчид хувь хүмүүсээр хямд үнээр агааржуулалтын шингэнээ цэнэглүүлснээр ямар хохирол амсч болохыг сайн мэдэхгүй байгаатай холбоотой. Тиймээс сайн тайлбарлаж, эдийн засгаараа хохирохгүй байхыг байнга зөвлөж байна. Жишээ нь, зуны улиралд гурван удаа машины айркондишноо цэнэглүүлэх тохиолдол байна. Зөв цэнэглэсэн бол тэгж хурдан дуусах учиргүй. Олон улсын стандартаар хөргөлтийн бодис нь 10-15 хувь орчим алдагдах байтал жилдээ 300 хувь алдаж байна гэсэн үг. Ямар ч баталгаагүй гэдэг нь үнэн. Мэргэжлийн байгууллагуудын хэлж байгаагаар олон дахин буруу цэнэглэсэн айркондишнийг цэвэрлэхэд их цаг хугацаа ордог, мөн зарим тохиолдолд автомашины өөр эд ангиудад нөлөөлж, эвдрэл үүсгэдэг талаар ярьсан. Асуудал дараа нь илрээд ирэхээр тухайн иргэн л автомашинаараа, хөрөнгөөрөө хохироод үлддэг. Энэ асуудлаар Нийслэлийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах холбоотой хамтран ажиллах хүсэлт тавьсан байгаа. Би ч Та ч хэрэглэгч шүү. Нөгөө талаар хэрэглэгчид хувь хүмүүсээр автомашины агааржуулалтын хөргөх бодисоо солиулахаа больвол тэдний орон зай хумигдана.
-R134а төрлийн бодис алдагдвал хүний эрүүл мэндэд хэр хортой нөлөөтэй вэ?
-Битүүмжлэгдсэн орчин юмуу, тухайн орон зайд байх ёстой хэмжээнээсээ их байвал хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлнэ. Хамгийн түрүүнд амьсгал боогдоно. Нэлээн олон жилийн өмнө хөргөлтийн бодис алдагдсанаас болж хүний улаан хоолой задарсан тохиолдол гарч байсан тухай баримт байдаг юм билээ. Тэгэхээр засвар, үйлчилгээ явуулж байгаа хүмүүс ч өөрсдөө хөдөлмөр аюулгүй байдлаа хангаж ажиллах шаардлагатай.
-Озон задалдаг бодис агуулдаг тоног, төхөөрөмж нь өөрөө аюултай хог хаягдлын ангилалд ордог юм байна. Энэ тал дээр ямар зохицуулалт байдаг вэ?
-Өнгөрсөн онд батлагдсан Хог хаягдлын тухай хуулийг дагаад маш олон шинэ журам, жагсалт батлагдах ёстой болсон. Эх үүсвэрээс гарах хог хаягдлын кодчилсон жагсаалт, үүсэх хог хаягдлыг үйлдвэрлэгч болон импортлогч хариуцах зарим бүтээгдэхүүний жагсаалтад озон задалдаг бодис, орлуулах бодис, сав баглаа боодол, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжүүд багтаж байгаа. Энэ нь хөргөлт, агааржуулалтын төхөөрөмжийг импортолсон нь ашиглагдахаа болисны дараа хог хаягдлыг хариуцна гэж ойлгож байгаа. Тиймээс компаниуд анх худалдан авалт хийхдээ экспортлогч компанитай гэрээ хийхдээ үүнийг тусгах, анхаарах хэрэгтэй болов уу.
-Озон задалдаг бодис агуулж байгаа хуучны эвдэрсэн хөргөгч, агааржуулалтын төхөөрөмжийг хэрхэн устгаж, аюулгүй болгох вэ гэсэн асуулт үлдэж байна.
-Химийн бодисын устгалын тухай хуулийн зохицуулалт Монгол Улсад огт байхгүй гэж хэлж болно. Тиймээс зөвхөн озон задлах бодис гэлтгүй бусад төрлийн бодисууд ч орхигдож байгаа юм.

Өмнөд туйл дээр үүссэн  озоны цоорхойн зураг. Жил жилээр харуулжээ.

Өмнөд туйл дээр үүссэн озоны цоорхойн зураг. Жил жилээр харуулжээ.

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.