Ц.АДЪЯАСҮРЭН: ХӨРГӨГЧ, ХӨЛДӨӨГЧ БОЛОН ХӨРГӨЛТИЙН ТӨХӨӨРӨМЖҮҮДЭД ОЗОН ЗАДЛАХ БОДИС АГУУЛАГДДАГ

2019-08-26 Нийгэм

ОЗОН-УУР АМЬСГАЛД ЭЭЛТЭЙ ОРЛУУЛАХ ШИНЭ ТЕХНОЛОГИ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 

Озоны давхаргад нөлөөтэй гидрофторт  нүүрстөрөгчийн төрлийн бодисыг бууруулахтай холбоотойгоор олон улсын хэмжээний хуралдаан энэ сарын 26-29-нд Монгол Улсад зохион байгуулагдаж байна.  Хуралдаанд Азийн бүсийн Афганистан, Бутан, Бангладеш, БНХАУ, Иран, Малдив зэрэг 11 орны 34 төлөөлөгч оролцож байгаа юм. Харин өнөөдөр “Озон-уур амьсгалд ээлтэй орлуулах шинэ технологи” үзэсгэлэн Холидэй инн Улаанбаатар зочид буудалд нээлтээ хийлээ.  Үзэсгэлэнд дотоодын компаниуд оруулж ирсэн шинэ тоног төхөөрөмжүүд, хэрэгслүүдээ дэлгэн танилцуулж байна.

Үзэсгэлэнг нээж БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр хэлсэн үгэндээ “Монгол Улс Озон задалдаг бодисын тухай Монреалийн протоколын 5 дугаар зүйлд хамаарах Тал-Улс орон улс бөгөөд сүүлийн 20 жилд озон задалдаг бодисын хэрэглээг үе шаттай бууруулан, хэрэглээнээс бүр мөсөн гаргахад хүчин чармайлт гарган ажиллаж байна.

2011 оноос хойш Монгол Улс олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу гидрохлорфторт нүүрстөрөгчийн төрлийн хөргөх бодисын хэрэглээг үе шаттай бууруулан, 2030 онд хэрэглээнээс бүр мөсөн гаргах зорилготойгоор хөтөлбөр гарган хэрэгжүүлж байна.

Монгол Улсад импортолж буй бүх төрлийн хөргөх бодисыг хөргөлт, агааржуулалтын засвар, үйлчилгээ, хөөсөнцөр үйлдвэрлэлийн салбарт ашигладаг.

Одоогоор Монгол Улс дээрх хөтөлбөрийн I шатыг 2011-2020 онд хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд гидрофторт нүүрстөрөгчийн хөргөх бодисын хэрэглээг 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар суурь түвшин болох 1.4 озон задлах чадвар тонн-оос 35 хувиар бууруулах зорилготой бөгөөд заавал биелүүлэх үүрэгтэй.

Тиймээс Монгол Улсад сүүлийн үед нэвтрээд буй озон задлах чадвар багатай, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар бага орлуулах технологийг олон нийтэд, хэрэглэгчдэд танилцуулах “Озон-амьсгалд ээлтэй орлуулах шинэ технологи” үзэсгэлэн зохион байгуулж байна.

Уг үзэсгэлэн одоогоор Монгол Улсад хэрэглэгдэж буй озон задлах чадвар багатай, дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар бага эрчим хүчинд хэмнэлттэй сонгогдсон бүтээгдэхүүн техник технологийг танилцуулна” гэдгийг онцоллоо.

Үзэсгэлэн маргааш 12:00 цагт буух тул амжиж сонирхоорой.

ДЭЛХИЙН 197 УЛС ОЗОН ЗАДАЛДАГ ГИДРОФТОРТ НҮҮРСТӨРӨГЧИЙН ХЭРЭГЛЭЭГ БАГАСГАХ ҮҮРЭГТЭЙ

1987 онд батлагдсан Монреалийн Протокол нь озоны цоорхойг үүсгэдэг 100 гаруй химийн бодисуудын 99 хувийг үе шаттай бууруулсан ба энэ нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн 197 улсын дэмжлэгтэйгээр дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөх олон улсын гэрээг үзэглэсэн нь түүхэн дэх анхны бөгөөд цорын ганц байгаль орчны тухай хэлэлцээр болсон юм.

Энэ жил дэлхийн улс орнууд Монреалийн Протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлтөөр хүчтэй хүлэмжийн хий болох гидрофторт нүүрстөрөгчийн үйлдвэрлэл болон хэрэглээг эрс багасган, дэлхийн дулаарлыг сааруулах үйлсэд чухал алхам хийсэн.

Хэрвээ Засгийн газар, аж ахуйн нэгж, хувь хүмүүс Кигалийн нэмэлт өөрчлөлтийг бүрэн дэмжвэл озоны давхаргыг үргэлжлүүлэн хамгаалах явцад дэлхийн дулаарлыг 0.4°С-ээр бууруулах боломжтой болох юм. Энэхүү Азийн бүсийн орнуудын уулзалт нь Кигалийн нэмэлт өөрчлөлтийг соёрхон батлах, хэрэгжүүлэхэд бэлтгэх зорилготой аж.

Ц.АДЪЯАСҮРЭН: ХӨРГӨГЧ, ХӨЛДӨӨГЧ БОЛОН ХӨРГӨЛТИЙН ТӨХӨӨРӨМЖҮҮДЭД ОЗОН ЗАДЛАХ БОДИС АГУУЛАГДДАГ

(БОАЖЯ-ны Озоны үндэсний албаны захирал)

“Уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулахын тулд дэлхий дахинаараа зарим төрлийн бодисын хэрэглээг үе шаттайгаар бууруулах үүрэгтэй ажиллаж байгаа. Тодруулбал, хөргөлтийн систем болон хөргөгч, хөлдөөгчөөс ялгаран озон задалдаг гидрофторт нүүрстөрөгч /ГФН/HFC/ гэх бодисын хэрэглээг багасгах үүрэг хүлээж байгаа.

Бидний унаж буй машин, гэртээ хэрэглэж буй хөргөгч хөлдөөгчинд гидрофторт нүүрстөрөгч гэх бодис хэрэглэгдэг. Уг бодис дангаар озон задлах чадваргүй ч бусад бодистой нийлмэл байдлаар озоныг задалдаг. Тиймээс озон задлах чадвар багатай бодис ашигласан хөргөгч хөлдөөгч ашиглах талаар энгийн бөгөөд амьдралд ойр мэдээллийг өнөөдрийн арга хэмжээний үеэр ярилцаж, бие биенийхээ туршлагыг хуваалцаж байна” гэж ярилаа.

 

Озон задалдаг бодис агуулсан нийтлэг холимог бодисуудад:

HFC-134a, R-410A, R-407C, R-404A гэх мэт бодисууд хамаардаг бөгөөд эдгээр гидрофторт нүүрстөрөгчийн төрлийн бодисуудын үйлдвэрлэл, хэрэглээг үе шаттай бууруулах арга хэмжээг авч байгаа юм.

Озон задлах чадвар болон дэлхийн дулааралд нөлөөлөх чадваргүй эсвэл дэлхийн дулааралд нөлөөлөх чадвар хамгийн багатай бодист:

R-600a, HC-290, HFO-1234yf, R-290, R-1270, R-717, R-744, R-32 гэх мэт бодисууд хамаарна. Хөргөлтийн зориулалттай аливаа төхөөрөмжийн техникийн үзүүлэлт дээр ямар бодис ашигласан талаар мэдээллийг оруулсан байдаг аж.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.