Б.Хурц нарыг шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна

2019-08-15 Нийгэм

ТЕГ-ын газрын дарга асан генерал Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал Төв аймгийн сум дундын анхан шатны шүүхэд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Шүүх хуралдаан 49 хүний бүрэлдэхүүнтэй байгаа юм.

Энэ талаар Төв аймгийн сум дундын анхан шатны шүүхийн мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Жавхланбаяр өчигдөр мэдээлэл хийх үеэрээ “Нийслэлийн прокурорын газраас энэ оны зургаадугаар сард нэр бүхий есөн хүний холбогдох маш нууцын зэрэглэлтэй хэрэг Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирсэн. Тус хэргийн шүүх хуралдаан наймдугаар сарын 12-наас эхэлсэн. Шүүх хуралдааны явцын талаар мэдээлвэл, шүүгдэгч болон хохирогчдоос мэдүүлэг аваад дууссан. Одоогоор гэрчүүдээс мэдээлэл авч байна. Шүүх хуралдаанд нийт 49 оролцогч оролцож байна. Энэ хэрэг нь прокурорын байгууллагаас маш нууцын зэрэглэлтэй ирсэн. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн 17.1.2-т заасанчлан 20 жилийн хугацаанд нууцална. Тиймээс шүүх хурал хаалттай үргэлжилж байна” гэсэн юм.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр “Эл хэрэг нь 2002 оны хуучин эрүүгийн хуулиар шийдэгдэнэ. Тус хуульд заасны дагуу эрүү шүүлт нь зөвхөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчид хамаарна. Харин хохирогч нарт гар хүрсэн нь ялтан байсан тул хоригдлуудын хоорондын маргаан гэж явах ёстой” гэсэн байр суурь илэрхийлж байв.

Тэгэхээр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ялласан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гүйцэтгэх ажиллагааны журам зөрчиж, эрүүдэн шүүсэн гэх ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох хэргийг НПГ-аас маш нууцын зэрэглэлтэйгээр зургадугаар сарын 25-нд тус шүүхэд шилжүүлсэн байна. Энэ дагуу шүүх хуралдааныг энэ сарын 12-нд хаалттайгаар эхлүүлсэн. Одоогоор, хохирогчийн өмгөөлөгч талаас хэвлэлийнхэнд тодорхой мэдээлэл өгөөгүй байна.

Шүүхийн байрны гадна иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд цугласан байгаа бөгөөд “С.Зоригийн хэргээр ял эдэлж буй хүмүүсийг сэжигтнээр байцааж байх үед стандарт хангаагүй, зориулалтын бус хорих өрөөнд ялтантай хамт хорьсон гэх үндэслэлээр буруутай” хэмээн ярьж байлаа.

Хэрэгт холбогдуулан ТЕГ-ын дарга асан Б.Хурцаас гадна мөрдөгч О.Бархасбадь, О.Бямбажав, гүйцэтгэх албаны дарга С.Баяр, Ж.Мөнхгал, УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат, ШШГЕГ-ын хэлтсийн дарга Ү.Отгонбаяр, Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарыг яллагдагчаар татжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.