Нийслэлийн хэмжээнд зөрчилтэй 23 барилга бүртгэгджээ

2017-04-21 Мэдээ, мэдээлэл
-Зөрчилтэй барилгуудыг буулгаж эхэллээ-
Нийслэлийн хэмжээнд нийт зөрчилтэй 23 барилга бүртгэгджээ. Холбогдох албаны шалгалтаар барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй, техникийн нөхцөлгүй, батлагдсан ажлын зураггүй, гүйцэтгэгч нь тодорхой бус, суурийн нүх ухаад орхидог зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.
Эдгээр албадан буулгуулах дараах дөрвөн барилгын шийдвэр Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хурлаас гарсан байна.
Үүнд:
ХУД-ийн  11 дүгээр хороонд байрлах Ц.Оюунцэцэгийн орон сууцны барилга;
ХУД-ийн 11 дүгээр хороо Зайсан толгойн баруун хойно баригдаж буй иргэн н.Баяндалайн захиалгатай 3 давхар үйлчилгээний барилга;
БГД –ийн 11 дүгээр хороонд байрлах иргэн Ц.Машбатын  үйлчилгээний 2 давхар барилгын өргөтгөлийн хэсэг;
БГД 20 дугаар хороонд байрлах “Эх мандал” ХХК-ны оффисийн барилгын өргөтгөлийг буулгах шаардлагатай байна.
Одоогийн байдлаар нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн 11 дүгээр хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу НМХГ-аас өнөөдөр иргэн Ц.Машбатын Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах үйлчилгээний хоёр давхар барилгын өргөтгөлийн хэсгийг буулгалаа. Тус барилга нь Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн баруун талд байрладаг аж. Энэхүү барилгыг буулгах арга хэмжээ авснаар явган хүний зам талбай зорчих хэсэг чөлөөлөгдөж, инженерийн шугам сүлжээ худагт засвар үйлчилгээ хийх боломж нөхцөл хангагдах юм. Мөн Барилгын тухай хуулийн 37,40 дүгээр заалтуудыг ийнхүү хэрэгжүүлэн ажилласан байна.
О.Соёмбо

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.