Паг Гын Хэгийн хэргийн хамсаатныг Солонгосын талд шилжүүлнэ

2017-04-21 Ертөнц

Данийн шүүхээс БНСУ-ын иргэн Чун Юраг эх оронд нь шилжүүлэн өгөхөөр шийджээ. Чун Юра бол Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн найз Чой Сүн Шилийн охин юм. Түүнийг Солонгосын нэртэй их сургууль Ихвад хууль зөрчиж оруулсан, суугаагүй хичээлд нь сайн дүнтэй гаргасан гэдгээс эхлээд “Samsung” компани ээжид нь тал олох гэж түүнд цэвэр үүлдрийн морь бэлэглэсэн гэх зэрэг хэргээр  Данийн хуулийн байгууллага баривчлан саатуулаад байгаа. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойш саатуулагдсан Чун Юраг шүүх хурал өчигдөр болж, БНСУ-ын хуулийн байгууллагад шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэжээ. Харин сэжигтэн энэ шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдахаар болсон байна.

Чун Юрагийн нэр холбогдсон энэ хэргээс болж Ихва их сургуулийн ерөнхийлөгчөөс эхлээд багш профессорууд ажилгүй болж,  хуулийн байгууллагаар одоо хүртэл шалгагдаж байгаа. Өндөр шалгууртай тус сургуульд Чой Сүн Шил охиноо хууль бусаар оруулсныг эсэргүүцэн БНСУ-ын их сургуулийн багш оюутнууд хүртэл жагссан удаатай.

Харин Чун Юра өөрт нь холбогдуулаад байгаа энэ бүх хэргийг мэдэхгүй, ээж л мэдэж байгаа гэж өмнө нь шүүхэд мэдүүлж байсан юм. Тэрээр Ихва их сургуульд элссэн боловч нэг ч удаа хичээлд сууж байгаагүй, ямар ч багш профессорыг нь танихгүй гээд сургуулиас гаръя гэж ээждээ хэлсэн ч зөвшөөрөөгүй гэнэ. Тэрээр хоёр ойтой хүүтэй бөгөөд хүүхэдтэй болмогцоо Европт ирсэн аж.  Нэгэнт хичээлд суудаггүй учраас хөөгдсөн байх гэж бодож байтал ийм хэрэг дэгдсэн гээд “Samsung” компаниас цэвэр үүлдрийн морь бэлгэнд авснаа хүлээсэн ч энэ нь авлига гэж бодоогүй хэмээн ярьжээ.

Чун Юра нь уралдааны морь унаач бөгөөд олон улсын зэрэгтэй тамирчин гэдгээрээ шалтаглан Ихва их сургуульд хөнгөлөлттэй нөхцөлөөр элссэн аж. Түүний хэлснээр ээж аав нь Ерөнхийлөгч Паг Гын Хэгийн төлөө зүтгэж байснаас түүнийг ашиглаж байгаагүй гэнэ. Чун Юрагийн ээж Чой Сүн Шил ч бас Европоос баригдсан юм.

Б.Номун

 

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.