Улаанбаатар хотын музейг засварлана

2019-06-24 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх, 100 ба түүнээс дээш жил болсон түүх, соёлын дурсгалт барилга, байшинг сэргээн засварлах, хадгалж хамгаалах “Соёлын өвд ээлтэй Улаанбаатар” аяныг хэрэгжүүлж эхлээд байна.

Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан 1919 онд барьсан Улаанбаатар хотын музейн түүхэн дурсгалт барилгыг сэргээн засварлах, музейн барилгын өргөтгөлийн зураг төсөл хийх хөрөнгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталлаа.

Улаанбаатар хотын музейн байшинд 1921 оны 7 дугаар сард МАН-ын Төв хороо, Ардын түр Засгийн газар, Цэргийн төв штаб, 1944-1953 онд Д.Сүхбаатарын музей, 1956 оноос хойш Улаанбаатар хотын музей байрлаж байна. Энэхүү түүхэн дурсгалт байшинд 1961 оноос хойш их засвар хийгдсэнгүй. Улаанбаатар хотын түүхийг харуулсан 3200 гаруй үзмэр хадгалдгаас байрны багтаамжаас шалтгаалж зөвхөн 100 гаруй үзмэрийг л олон нийтэд дэлгэн үзүүлдэг байна.

Улсын хамгаалалтын зэрэглэлд авсан уг байшинг сэргээн засварлаж, музейг өргөтгөснөөр Улаанбаатар хотын хөгжлийн түүхийг орчин үеийн шийдэл, загвартай танхимаар олон нийтэд сурталчлан таниулах, хотын үнэт өв болсон үзмэрүүдийг музейн стандартын дагуу хадгалж хамгаалах орчин бүрдэх ач холбогдолтой юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.