Ой тогтоолтын улсын аваргууд тодорчээ

2017-04-20 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээний сүүлийн шатны тэмцээн энэ сарын 18-19-нд болж шилдгүүдээ тодруулжээ.
Монголын оюун ухааны академиас зохион байгуулдаг долоо дахь удаагийн энэ тэмцээний бага насны ангилалд Б.Хангал /3969 оноо/, дунд насны ангилалд ОУМ Э.Лхагвадулам /7453 оноо/, насанд хүрэгчдийн ангилалд ОУИМ Н.Мөнхшүр /7390 оноо/ нар тус тус тэргүүн байр эзэллээ.

Нийт тамирчдаас дунд насны ангилалд өрсөлдөж аварга болсон ОУМ Э.Лхагвадулам 7453 оноогоор тэргүүлж нэг сая төгрөгийн мөнгөн шагнал хүртсэн бөгөөд Монгол болон Азийн чансаанд нэгдүгээрт, дэлхийн чансаанд тавдугаарт бичигдэх амжилтыг үзүүлэв.
Энэ удаагийн УАШТ-ий бүх насны ангилалд олон улсын болон дэлхийн дээд амжилтуудыг шинэчилсэн байна. Тодруулбал, ОУМ Э.Лхагвадулам 10 минутад 493 ширхэг хөзөр, ОУИМ Н.Энхшүр 5 минутад 1125 цифр, ОУИМ Н.Мөнхшүр 5 минутад 297 зураг тогтоон алдаагүй санаснаар дунд болон насанд хүрэгчдийн дэлхийн дээд амжилтыг тогтоов.

УАШТ-ий урьдчилсан шалгаруулалт энэ сарын 4-нд болж 6-60 насны нийт 110 тамирчин өрсөлдөж сүүлийн шатанд 56 тамирчин шалгарсан. Тэд бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдсөн юм.

А.Уянга

<

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.