Хар тамхи тээвэрлэсэн дипломатын нэрийг хэлэх боломжгүй гэв

2019-06-6 Мэдээ, мэдээлэл

Хэвлэлийн бага хурал

Хар тамхи тээвэрлэсэн дипломатын нэрийг хэлэх боломжгүй гэв

Монголын хоёр дипломатч өнгөрөгч сарын 3-ны өдөр 70 кг хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотноо саатуулагдсан тухай бид өмнө нь мэдээлсэн. Энэ асуудлаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хэрэгт Турк улсын Истанбул хот дахь Ерөнхий консулын газрын дипломат ажилтан, жолооч нарыг шалгаж байгаа бөгөөд хэргийг эцэслээгүй тул нэрийг нь хэлэх боломжгүй. ГХЯ хэрэг гарсан даруйд Берлин дэхь ЭСЯ-аар дамжуулан мэдсэн бөгөөд консулын шугамаар шаардлагатай арга хэмжээ авч байгаа.

Яам энэ асуудлыг нуусан зүйл огт байхгүй. Хилийн чанадад гэмт хэрэгт холбогдсон монгол иргэдийн мэдээллийг гадаадад байгаа 43 Элчин сайдын яам, Консулын газраар дамжуулан авч, ар гэрийнхэн болон холбогдох албан тушаалтнуудад мэдэгддэг. Зөвхөн энэ хэрэгт биш, өөр бусад улсад гэмт хэрэгт холбогдсон иргэдийн мэдээллийг Гадаад харилцааны яам авсан даруйдаа олон нийтэд мэдээлдэггүй. Ар гэрийнхэн болон хувь хүнийг нууцыг хамгаалах үүднээс мэдээлдэггүй. Хоёрт, тухайн  асуудал нь бүрэн шийдэгдээгүй хянан шалгах шалгах ажил явагдаж, эцэслэгдээгүй байхад хэргийн талаарх мэдээллийг өгдөггүй.

Германд саатуулагдсан Монголын хоёр иргэн нь Истанбул дахь Консулын газарт чухал албан тушаал хашдаг хүмүүс байгаа нь үнэн.Консулаар нэг жил ажиллаж байгаа, өмнө нь Орост ажиллаж байсан. Энэ асуудлыг тухайн суугаа улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Энэ хэрэгт холбоотой байж болзошгүй өөр монгол иргэн байгаа эсэх асуудлыг ТЕГ-тай хамтран шалгаж байна. Энэ бол Монголын нэр хүндийг унагасан маш ноцтой асуудал. Цаашдаа ийм асуудал гаргахгүйн төлөө Гадаад харилцааны яам ажиллаж байна” гэлээ.

Монголын дипломатуудын тээвэрлэж явсан хар тамхи нь героин төрлийнх бөгөөд тус бүр 500 гр-ын жинтэй 140 боодол буюу нийт 70 кг, 3 сая еврогийн үнэ бүхий эд байжээ. 

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.