Шөнө дөлөөр ТҮЦ буулгаж, дарга нар хөлжиж байна

2019-05-27 Нийгэм

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өнгөрөгч шөнө багахан хэмжээний “дажин” болж гэнэ. Ёстой л чоно борооноор гэгчээр шөнө дөлөөр иргэдийн хөл хөдөлгөөн намжсан үеэр бүдүүн дарга нар ТҮЦ буулгаж, том оврын автомашины дуу хангинасаар үүр цайлгаж гэнэ. Уг нь нийслэлээс иргэдийн хэдэн ТҮЦ-ийг нэлээд хэл амтайхан албадан ачиж, эхнэр хүүхдийн нулимсыг барж байсан санагдана. Гэвч дарга нарын хэрэгцээ гарвал хэдийд ч хамаагүй, хууль дүрмээ уландаа гишгэж ийнхүү авирлаж байх юм.

Энэ талаар тус хорооны нэгэн оршин суугч олон нийтийн сүлжээнд баримттай бичлэг цацжээ. Тэрбээр “Эдгээр ТҮЦ-ний ард Баянгол дүүргийн алба, хэлтэс, хороодын дарга нарын нэр байдаг. Тэгээд бие биенийхээ хороон дээр ТҮЦ аваачиж тавьдаг. Эд нарыгаа зайлуул гэж шаардахаар “Бид мэдэхгүй шөнө авчраад тавьчихсан гэж мэдэн будилдаг” хэмээжээ.

Тэр ч бүү хэл эдгээр ТҮЦ нь дарга нарынх бөгөөд жирийн иргэдэд түрээсэлж, ашиг олдог тухай мэдээлэл байна. Үнэндээ амьжиргааны эх үүсвэрээ олох гэж байгаа хүмүүс ТҮЦ байтугай ил худалдаа хийх ч эрх мэдэл байдаггүй нь бодит үнэн.

Мөн бас нэгэн иргэн “Хамгийн гол нь хүмүүсийн амьдрах орчин, тав тух гэж байх ёстой. Гэтэл талбай болгоныг ашиглаад ТҮЦ-ээр бөглөөд тавьдаг. Тодруулбал, УИХ-ын гишүүн АН-ын дарга С.Эрдэнийн тойрогт ТҮЦ-ээр бороо орж байна. Байр хороолол, хүмүүсийн амьдарч байгаа орчинд олон ТҮЦ байх нь хэр зөв зохимжтой шийдвэр вэ” гэх мэт сэтгэгдлүүд эл мэдээллийн дор хөвөрч байна.

 

 

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.