СҮРЬЕЭГИЙН ТУХАЙ ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ

2019-05-17 Мэдээ мэдээлэл

1. Сүрьеэ гэж ямар өвчин бэ?

Сүрьеэ нь Mycobacterium tuberculosis хэмээх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын халдварт өвчин юм. Нян нь ихэвчлэн уушгийг гэмтээдэг. Гэхдээ сүрьеэгийн нян бөөр, нуруу, тархи зэрэг биеийн аль ч хэсгийг гэмтээж болдог. Хэрэв эмчилгээ хийлгэхгүй бол сүрьеэ өвчин үхэлд хүргэх аюултай байдаг. Харин эмчийн зааврын дагуу эмчилгээг бүрэн хийлгэсэн үед ЭДГЭРДЭГ өвчин юм.

2. Дэлхий дахинд сүрьеэгийн нөхцөл байдал ямар байна вэ?

Сүрьеэ өвчин нь дэлхий дахинд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлангаар жил бүр 10.4 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.8 сая хүн нас барж байна. Нас баралтын 95% нь бага болон дунд орлоготой улс орнуудад тохиолдож байна. Дэлхийн хүн амын гуравны нэг нь (2.3 тэрбум хүн) сүрьеэгийн нянгаар халдварлагдсан байдаг. Дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ өвчин хэвээр байна. Сүүлийн жилүүдэд эмэнд тэсвэртэй сүрьеэ тархаж байгаатай холбоотой дэлхийн улс орнууд ихээхэн анхаарал хандуулж байна. Үүний нэг тод илрэл нь 2017 онд ОХУ-ын Москва хотод дэлхийн сүрьеэгийн өвчлөл өндөртэй орны эрүүл мэндийн сайд нарын Дээд хэмжээний чуулганыг зохион байгуулж “Москвагийн тунхаг”, 2018 онд НҮБ-ын дээд хэмжээний чуулганаар сүрьеэгийн асуудлыг анх удаа хэлэлцэж, “Сүрьеэг устгах –НҮБ-ын улс төрийн тунхаг” бичгийг батлан хэрэгжүүлж байна.

3. Дэлхий дахинд хүүхдийн сүрьеэгийн өвчлөл хэр байна вэ?

Дэлхий дахинд 2017 оны тайлангаар 7.5 сая хүүхэд шинээр сүрьеэгийн халдвар авч, 1 сая хүүхэд сүрьеэгээр өвчилж, 233,000 хүүхэд сүрьеэгийн улмаас нас барснаас 96% нь сүрьеэгийн эмчилгээнд хамрагдаагүй байна. Эцэг эх нь сүрьеэгээр нас барсаны улмаас жил бүр ойролцоогоор 10 сая орчим хүүхэд өнчирч үлдэж байна.

4. Монгол Улсад сүрьеэ өвчин тулгамдсан асуудал мөн үү?

Манай улс нь сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэг бөгөөд жилд шинээр 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилдөг. Үүний 10 хувь нь хүүхдүүд байна. Хүүхэд залуучуудын дунд сүрьеэгийн өвчлөл өндөр байгаа нь нийгэмд сүрьеэгийн халдварлалт идэвхтэй явагдаж байгааг харуулж байна. Манай улсад жил бүр бүртгэгдэж буй сүрьеэгийн өвчлөлийн 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод гарч, өвчлөлийн 70 орчим хувь 15-44 насны өсвөр үеийн болон ид ажил хөдөлмөрийн насны залуучууд эзэлж байна. Манай улсад жил бүр 200 гаруй хүн сүрьеэ өвчний улмаас амь насаа алдаж байгаа хэдий ч сүрьеэгээс улбаалсан хүүхдийн нас баралт маш бага байна. Манай улсад сүрьеэ нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг бөгөөд өнгөрсөн 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор сүрьеэгийн дээд хэмжээний чуулганыг зохион байгуулж, Монгол улсад “Сүрьеэг устгах” Улаанбаатарын тунхаг гарган хэрэгжүүлж байна.

5. Сүрьеэ хэрхэн тархдаг вэ?

Сүрьеэ нь нэг хүнээс нөгөө хүнд агаараар дамжин тархдаг. Уушги болон төвөнхийн сүрьеэтэй хүн ханиалгах, найтаах, ярих, дуулах үед нян агаарт цацагдана. Ойролцоо байгаа хүмүүс эдгээр нянгуудыг амьсгалж, халдвар авдаг. Сүрьеэгийн нянгаар амьсгалсан хүний уушгинд нян суурьшиж, үржиж эхэлдэг. Тэндээс цусаар дамжин бөөр, нуруу, тархи гэх мэт биеийн бусад хэсгүүд рүү шилжиж болно. Уушги эсвэл төвөнхийн сүрьеэ өвчний үед хамгийн их халдвартай байдаг. Энэ нь нянгууд бусад хүмүүст дамжин тархаж болно гэсэн үг юм. Бөөр, эсвэл нуруу гэх мэт биеийн бусад хэсгийн сүрьеэ нь халдваргүй байдаг. Сүрьеэ өвчтэй хүмүүс ихэвчлэн өдөр бүр цагийг хамт өнгөрүүлдэг хүмүүст халдвар тараадаг. Үүнд гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хамтран ажиллагсад, сургуулийн хүүхдүүд багтдаг.

6. Ямар орчинд сүрьеэгийн халдвар тархах өндөр эрсдэлтэй байдаг вэ?

Зарим орчин жишээлбэл эрүүл мэндийн байгууллага, хорих газар, асрамжийн газар, сургуулийн орчин зэрэг хүн ам олноор төвлөрсөн газруудад сүрьеэгийн халдвар тархах эрсдэл өндөр байдаг. Өсвөр насныхан ихэнх цагийг сургуулийн орчинд өнгөрөөдөг болох нь олон судалгаагаар тодорхой болсон боловч тэдгээрийн цагаа өнгөрүүлж, сурч боловсорч буй энэ орчин нь халдвар авах эрсдлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болж байгаа эсэх нь улс орон бүрт харилцан адилгүй байна.

Олон улсад хийгдсэн судалгаагаар өсвөр насны хүүхэд, залуучууд сүрьеэгийн халдвар авах, өвчилсөн тохиолдолд бусаддаа халдвар тараах эрсдэл ихтэй байдаг байна. Хүүхэдтэй холбоотой гарсан дэгдэлтийн тойм судалгааны дүнгээс харахад нийт дэгдэлтийн 89.1% нь сургуулийн орчинд, 5.5% сургуулийн автобусанд, 3.4% өдөр өнжүүлэх төвд, асрамжийн төв, хүүхэд асрах газруудад хамгийн бага буюу 3.1% нь бүртгэгдсэн байна. Эдгээр судалгаануудын хувьд халдварын эх уурхай нь 62.5% нь сурагч байсан бол 25.8% багш, автобусны жолооч 6.3% нь байснаас үзэхэд хүүхэд бие биеэсээ халдвар авч сүрьеэгээр өвчлөх эрсдэл өндөр байгаа нь харагдаж байна.
7. Сүрьеэгийн халдвар тархахад нөлөөлдөг ямар хүчин зүйлс байна вэ?

Уушгины болон төвөнхийн сүрьеэтэй өвчтөн ханиах, найтаах, дуулах, ярих үед сүрьеэгийн нян агуулсан дуслыг агаарт цацах ба агааржуулалт муутай нөхцөлд сүрьеэгийн нян олон цагаар өрөө, тасалгааны агаарт хөвөн оршдог. Ингэснээр сүрьеэгийн нян бүхий бичил дусал агуулсан агаараар амьсгалснаар сүрьеэгийн халдвар авдаг. Сүрьеэгийн халдвар агааржуулалт муутай, хүн ам хэт бөөгнөрсөн орчинд маш хурдацтай тархдаг. Хүүхэд, өсвөр насныхан ихэнх цагийг гэр бүлийн орчноос гадна гадуур буюу сургууль дээр өнгөрөөдөг. Сургуулийн орчинд анги танхимд хүүхдүүд олноор цугларч, агаар сэлгэлт муутай байх зэрэг нь халдвар авахад шууд нөлөө үзүүлдэг. Монгол улсад хүйтэн сэрүүний улирал удаан хугацаагаар үргэлжилж, ялангуяа Улаанбаатар хотод агаарын бохирдлын аюулын улмаас цонх онгойлгож байгалийн агааржуулалт, агаар сэлгэлт хийх нөхцөл байхгүй болсон, үүний зэрэгцээ нэг ангид хичээллэх хүүхдийн нягтрал нэмэгдсэн зэрэг нь сургуулийн орчинд сүрьеэгийн дэгдэлт гарах нөхцлийг бүрдүүлж байна.

8. Сүрьеэгийн далд халдвар гэж юу вэ?

Ихэнх хүн сүрьеэгийн нян амьсгалж, халдвар авсан ч тухайн хүний дархлааны хүчээр нянгуудын өсөлт, үржлийг зогсоож чаддаг. Сүрьеэгийн нян идэвхгүй болж, харин тэд бие махбодид амьд хэдий ч унтаа байдалд удаан хугацаанд байх бөгөөд, хэзээ нэгэн цагт идэвхитэй болох чадвартай байдаг. Үүнийг сүрьеэгийн далд халдвар гэж нэрлэдэг.

Сүрьеэгийн далд халдвартай хүмүүс нь:
• Ямар нэг шинж тэмдэг илрэхгүй
• Ямар нэг зовиур шаналгаа байхгүй
• Сүрьеэгийн нянг бусдад тараахгүй
• Ихэвчлэн туберкулины арьсны сорил эерэг байдаг
• Сүрьеэгийн халдварын урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгээгүй тохиолдолд сүрьеэгээр өвчилж болзошгүй байдаг

Сүрьеэгийн далд халдвартай ихэнх хүмүүс сүрьеэгээр өвчилдөггүй. Халдвар авсан хүн тодорхой эрсдэлт хүчин зүйлс нөлөөлсний улмаас 10 хувь нь сүрьеэгээр өвчилж, 90 хувь нь далд хэлбэрийн сүрьеэгийн халдварыг тээж, амьдралын аль нэг хугацаанд эрсдэлт хүчин зүйл нөлөөлсөн тохиолдолд сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй амьдардаг. Харин зарим хүмүүст, ялангуяа дархлааны систем султай хүмүүст идэвхтэй үржиж, сүрьеэ өвчин үүсгэдэг.

Сүрьеэ өвчний үед илрэх бусад шинж тэмдэг:
• Сульдаж ядрах
• Биеийн жин буурах
• Хоолны дуршил буурах
• Жихүүдэс хүрэх
• Халуурах
• Шөнө хөлрөх

Сүрьеэгийн далд халдвар болон сүрьеэ өвчний хоорондын ялгаа

Сүрьеэгийн далд халдвартай хүн

Сүрьеэ өвчтэй хүн

• Ямар нэг зовиур, шаналгаа байхгүй
• Ихэвчлэн зовиур, шаналгаа илэрнэ

• Ямар нэг шинж тэмдэг илрэхгүй
• Доорхи шинж тэмдэг ихэвчлэн илэрнэ
• Хоёр долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгах
• Цээжээр өвдөх
• Цэр, цустай цэртэй ханиалгах
• Сульдаж ядрах
• Биеийн жин буурах
• Хоолны дуршил буурах
• Жихүүдэс хүрэх
• Халуурах
• Шөнө хөлрөх

• Сүрьеэгийн нянг бусдад тараахгүй

• Сүрьеэгийн нянг бусад хүмүүст тараах боломжтой

• Ихэвчлэн туберкулины арьсны эерэг байдаг

• Ихэвчлэн туберкулины арьсны сорил эерэг байдаг

• Цээжний рентген шинжилгээ хэвийн, цэрний түрхэц болон молекулбиологийн шинжилгээ сөрөг
• Цээжний рентген шинжилгээ өөрчлөлттэй, цэрний түрхэц, молекулбиологи, өсгөвөрлөх шинжилгээ эерэг

• Сүрьеэ өвчнөөс сэргийлж, сүрьеэгийн далд халдварын урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэх шаардлагатай
• Сүрьеэ өвчний шууд хяналттай өвөрмөц эмчилгээ хийлгэх шаардлагатай

СҮРЬЕЭГИЙН ШИНЖИЛГЭЭ, ЭМЧИЛГЭЭ
1. Би сүрьеэгийн шинжилгээ хийлгэх ёстой юу? Хэрэв танд доорх шалтгаан байвал сүрьеэгийн шинжилгээ хийлгэвэл зохино. Үүнд:
• Хэрэв та сүрьеэ өвчтэй, эсвэл сэжигтэй хүнтэй хамт байсан бол; эсвэл
• Хэрэв та ХДХВ-ийн халдвартай эсвэл хүний дархлааны системийг сулруулж, сүрьеэгээр өвчлөх эрсдлийг ихэсгэдэг бусад шалтгаан нөхцөл байгаа; эсвэл
• Танд сүрьеэ өвчний шинж тэмдэг илэрч байгаа, эсвэл
• Та сүрьеэ өвчин тархах эрсдэлтэй хорих анги, асрамжийн газар, гэр оронгүй иргэдийн түр орогнох байр, дэгдэлт гарсан сургууль, эмнэлэг зэрэгт ажиллаж, амьдардаг, эсвэл
• Та хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг бол
3. Хэрэв танд сүрьеэгийн халдвар илрүүлэх шинжилгээ эерэг гарсан үед яах вэ?

Хэрэв сүрьеэгийн арьсны сорилын хариу “Эерэг” гарвал харьяа аймаг, дүүргийн сүрьеэгийн диспансерт бусад шинжилгээ хийлгэж, сүрьеэгээр өвчилсөн эсэхийг тодруулж болно. Үүнд ихэвчлэн цээжний гэрлийн шинжилгээ хийдэг бөгөөд, та ханиалгаж байвал цэрний шинжилгээ хийнэ. Сүрьеэгийн нян уушгинаас өөр эрхтэнд байж болох тул, эмч, сувилагч таны шээс, өтгөн, эдийн сорьц авч, холбогдох шинжилгээ хийж болно. Хэрэв та сүрьеэгээр өвчилсөн бол сүрьеэгийн өвөрмөц эмчилгээг хийлгэх шаардлагатай.
5. Хэрэв би сүрьеэгийн халдвар авсан бол сүрьеэ өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

Сүрьеэгийн далд халдвартай ихэнх хүмүүс сүрьеэгээр өвчилдөггүй. Харин сүрьеэгийн халдвар авсан зарим хүмүүс сүрьеэ өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг. Сүрьеэгээр өвчлөх эрсдэл өндөртэй хүмүүс нь:
• ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүс
• Сүүлийн 2 жилийн дотор сүрьеэгийн нянгийн халдвар авсан хүмүүс
• Хүүхэд, бага насны хүүхдүүд
• Хар тамхи, мансуурах бодис хэрэглэгчид
• Дархлалын тогтолцоог сулруулдаг бусад өвчнөөр өвчилсөн хүмүүс
• Өндөр настай хүмүүс
• Өнгөрсөн хугацаанд сүрьеэгийн эмчилгээг бүрэн хийлгээгүй хүмүүс

Хэрэв та сүрьеэгийн далд халдвар (сүрьеэгийн арьсны сорил “Эерэг” )-тай, өндөр эрсдэлт бүлгийн аль нэгэнд байгаа бол сүрьеэ өвчнөөр өвчлөхгүй байхын тулд эм уух шаардлагатай. Үүнийг сүрьеэгийн далд халдварын урьдчилан сэргийлэх эмчилгээ гэж нэрлэдэг. Монгол улсад сүрьеэгийн далд халдварын урьдчилан сэргийлэх эмчилгээнд изониазид (isoniazid (INH) эмийг хэрэглэж байна. Энэ эмийг дэлхий дахинд 1952 оноос монгол улсад 1959 оноос эхлэн хэрэглэж байна. Сүрьеэгийн далд халдварын урьдчилан сэргийлэх эмчилгээнд изониазидыг 6 сарын турш өдөр бүр шууд хяналттай ууна. Энэ эм нь таны биед байгаа сүрьеэгийн нянг устгах үйлчилгээ үзүүлдэг. Хэрэв та эмч, сувилагчийн зааврын дагуу эмчилгээг бүрэн хийлгэвэл сүрьеэ өвчин үүсэхээс сэргийлж чадна. Нянгийн хэмжээ бага байдаг учир сүрьеэгийн далд халдварын эмчилгээ нь сүрьеэ өвчний эмчилгээнээс илүү хялбар энгийн байдаг. Харин сүрьеэ өвчтэй хүний биед сүрьеэгийн нян маш ихээр агуулагддаг. Иймээс сүрьеэ өвчний эмчилгээнд хэд хэдэн эм хэрэглэх шаардлагатай байдаг. Хэрэв сүрьеэгийн далд халдварын урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэж эхэлбэл та эмч, сувилагчтайгаа тогтмол хуваарийн дагуу уулзах хэрэгтэй. Зарим хүмүүс эмийн гаж нөлөө илэрч болдог. Изониазидын эмчилгээтэй цуг Витамин В6-г заавал хамт уух хэрэгтэй.

Хэрэв танд дараах гаж нөлөө илэрвэл эмч болон сувилагчид хандах шаардлагатай.
• Хоолны дуршил буурах
• Дотор муухайрах
• Бөөлжих
• Арьс, нүд шарлах
• 3 ба түүнээс дээш хоног халуурах
• Хэвлийгээр өвдөх
• Хөл, гарын хурууны үзүүр бадайрах, өвдөх
• Арьсаар тууралт гарах
• Цээжний доод хэсгээр өвдөх

Сүрьеэ өвчний халдвар авсан хүмүүс сүрьеэ өвчний үед илрэх шинж тэмдгийг мэддэг байх шаардлагатай. Хэрэв сүрьеэ өвчний шинж тэмдэг илэрвэл, эмчид шууд очиж үзүүлэх хэрэгтэй.
6. Хэрэв би сүрьеэ өвчтэй хүнтэй хавьтал болсон бол бусад хүмүүст сүрьеэгийн халдвар тараах уу?

Хэрэв та сүрьеэ өвчтэй хүнтэй хавьтал болсон бол та сүрьеэгийн халдвар авсан байж болзошгүй, Гэхдээ та нянгийн халдварыг бусад хүмүүст шууд тараахгүй. Зөвхөн сүрьеэгээр өвчилсөн хүмүүс л сүрьеэг бусдад тараадаг.

СҮРЬЕЭ ЭДГЭРДЭГ ӨВЧИН.

Сүрьеэтэй байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн үед эмнэлэгт эрт хандаж, оношилгоо эмчилгээнд хамрагдаж, эмчийн зааврын дагуу эмийн тун бүрийг тогтмол ууснаар бүрэн эдгэрэх боломжтой юм.

Та доорхи цахим хаягаар хандаж мэдээллийг авч болно.

www.nccd.gov.mn, www.mohs.mn,

www.ubhealth.mn

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.