Цогтцэций суманд гурван иргэний амь нас хохирлоо

2019-05-14 Нийгэм

 

 

 

 

Өмнөговь аймагт зуны эхэн сарын шинийн 7,8-ны өдрүүдэд их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч Цогтцэций сумын гурван малчин малынхаа араас явж байгаад амиа алджээ.

Уг нь Цогтцэций сумын нутагт уул уурхайн бүхий л техник, хүн хүч, гамшгийн анги бие бүрэлдэхүүн бүгд бий. Гэвч хурган дарга нарын хариуцлагагүйгээс гурван алтан амь үгүй боллоо хэмээн нутгийн иргэд шүүмжилж байна.

Тус сумын Засаг дарга нь О.Бадарч, орлогч нь Ц.Доржсүрэн нар юм. Ноён О.Бадарч “Хууль бус” Засаг дарга гэх тодотголтой. Нутагт нь гамшиг тохиож, иргэд нь амиа алдаж байхад Засаг ноён О.Бадарч болон түүний удирдлагын албаны зарим эрхмүүд Улаанбаатар хотод оюутан залуусын баяр хөөрт оролцож явсанд иргэд гомдолтой байгаа юм.

Мөн тус сумын Засаг даргын Тамгын газрын нөхдүүд энэ өдөр зааланд хөлсөө гарган тоглож байсныг нутгийн иргэд хэлж байна. Нэг үгээр, малчид алтан амиа алдаж байхад дарга болоод төлөөлөгчид нь баярт оролцож байсан бол Тамгын газрынхан нь зааланд бөмбөг хөөж байжээ. Орон нутагт нь байгалийн гамшигт үзэгдэл болж байхад уг нь холбогдох дарга, цэрэг нар нь болзошгүй аюулд бэлэн байдалд байх ёстой биш билүү.

Гамшигийн үед Засаг даргаар ахлуулсан онцгой коммисийн алба хаагчид, Засаг ноён эзгүйд орлогчоор ахлуусан, за бүр эдгээр нөхөр тоомжиргүй царайллаа гэхэд аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулах гээд маш том ажлын хариуцлага яригдах учиртай.  Цогтцэций сумын Засаг дарга О.Бадарч болон аймгийн Засаг дарга Н.Наранбаатар нарт хариуцлага тооцохыг нутгийн иргэд шаардаж эхэлжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.