Ядуурал ба хулгай: Тажикчууд яагаад Орост очдог вэ?

2019-05-1 Нийгэм

Тажикистаны иргэд голдуу Орос Улсад ажиллахаар очдог. Энэ нь Тажикистан Улсын эдийн засгийн байдлыг аваад үзвэл гайхах зүйл биш юм. Тажикистаны эдийн засгийн өсөлт өндөр харагдаж байгаа ч гэсэн энэ улс нь ТУХН-ийн хамгийн ядуу орнуудын нэг болжээ. Хэрэв авлигатай тэмцэхгүй бол нөхцөл байдал өөрчлөгдөхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Өнгөрсөн онд Росстатын мэдээгээр 124,9 мянган хүн Орост цагаачилсан байна. Тажикистан цагаачдын тоогоор тэргүүлсэн бөгөөд 31 мянга гаруй цагаач Орост иржээ. Хоёрдугаар байранд Казакстан улс 26,5 мянган хүнээр оров. Гуравдугаар байрыг Украин эзэлжээ (+14,8 мян.).

Түүнчлэн Төв банкны мэдээгээр Тажикистаны иргэд Орос Улсын эдийн засагт багагүй үүрэг гүйцэтгэж байгаа юм. Өнгөрсөн онд ТУХН-ийн орнууд руу Оросоос 13,3 тэрбум доллар урсан гаржээ. Эхний байранд Узбекистан орсон бөгөөд 4 тэрбум долларыг нутагтаа шилжүүлсэн бол Тажикистан хоёрт орж 2,6 тэрбум долларыг шилжүүлжээ.

Тажикистанаас олон тооны цагаачид хууль ёсоор болон хууль бусаар Орост байгаа нь шинжээчдийн хувьд гайхах зүйлгүй юм. Тажикистаны иргэдэд ОХУ нь ашигтай хөдөлмөрийн зах зээл бөгөөд цагаачдын бодлогоо чангатгасан хэдий ч албан ёсны болон сүүдрийн секторын аль алинд нь харьцангуй өндөр цалинтай ажилд орох боломжтой гэж шинжээч «Алор» Алексей Антонов ярьж байна.

2018 онд Тажикистаны ДНБ нь 7.3 хувиар өсөж, 68.8 тэрбум сомони (7.2 тэрбум ам.доллар) хүрсэн ч амьдрал хэцүү гэж шинжээчид үзэж байна.

Тажикистаны эдийн засгийн өндөр өсөлт нь ДНБ-ий хэмжээ маш доогуур байсантай холбоотой гэж Шинжилгээ ба Санхүүгийн Технологийн төвийн шинжээчдийн бүлгийн тэргүүн Марк Гойхман үзсэн юм. Эдийн засаг нь үнэхээр сул дорой бөгөөд иргэний дайн, хямралын дараа сэргэж байна гэж тэр хэллээ.

«Тажикистаны эдийн засгийн байдал нь ТУХН-ийн ихэнх орнуудын адил муу байна. Хөдөлмөрийн бүтээмж бага, хүн амын орлогын өсөлт байхгүй, инфляцийн эрсдэл өндөр байгаа юм» гэж Антонов ярьсан байна.

Тажикистаны Үндэсний банкнаас гаргасан сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд тус улсын инфляци 6.4 хувьд хүрчээ. Сүүлийн жилүүдэд ядуурлын түвшин 30 орчим хувьтай байна. Дундаж цалин нь дөнгөж 182 доллар байлаа.

«Өнөөдөр Тажикистан нь ТУХН-ийн хамгийн ядуу орнуудын нэг юм. Тэр ч байтугай Украин, Молдавын иргэд эдгээр оронд өрнөсөн явдлын дараа хамаагүй дээр амьдарч байгаа шүү дээ. Жилд нэг хүнд ноогдох Тажикистаны ДНБ дөнгөж 3,5 мянган доллар, ажилгүйдлийн түвшин ойролцоогоор 8-9 хувьтай байна. Үүний хамтаар нийт эдийн засагт Тажикын цагаачдаас ирсэн (ихэнх нь Орост байгаа юм) мөнгөн гуйвуулгын орлого багагүй хувийг (40 хүртэл хувь) эзэлж байгаа билээ» гэж «БКС Брокер»-ийн хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Нарек Авакян хэлсэн байна.

Тажикистаны эдийн засаг олон янзын шалтгааны улмаас бүдрээд явахгүй байгаа бөгөөд хамгийн гол шалтгаан нь эрх баригчдын эдийн засгийн үр ашиггүй бодлого юм. Шинжээчид энэ орны талаар бичихдээ авлигын маш өндөр түвшинг дурдахгүйгээр өнгөрдөггүй билээ. Транспаренси Интернэшнл байгууллагын авлигын индексээр Тажикистан 153 байр эзэлж байгаа ба Никарагуа, Эритрея улсуудын түвшинд байгаа юм.

«Үүний улмаас улс орны иргэний болон эдийн засгийн институциуд маш сул хөгжсөн ба дээд түвшний төрийн дэмжлэггүйгээр хөрөнгө оруулагчдад ямар ч баталгаа байхгүй» гэж Авакян ярьлаа.

Түүнээс гадна Тажикистан өрийн сүлжээнд битүү ороогдсон бөгөөд өр нь тус улсын ДНБ-ний 50 гаруй хувьтай тэнцэж байна.

Гадаад өрийн хэмжээ 2.9 тэрбум доллар. Тус улсын гол зээлдүүлэгч нь Хятад бөгөөд энэ улсад 1.2 тэрбум долларын өртэй юм. Энэ өрийн гол хэсэг нь олон улсын зах зээл дээр Засгийн газрын бондыг борлуулснаар бий болсон гэж шинжээчид тайлбарлаж байна.

«Гадаад өр тогтворгүй байна, тус улс өөрийн зээлийн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй байна, өрийн дарамтыг багасгахын тулд санхүүгийн зах зээлд хангалттай хэмжээний валют татах чадваргүй байна» гэж Антонов ярьж байгаа билээ.

Авакяны ярьснаар бол Тажикистан Улс нь ТУХН-өөс өөр эдийн засгийн томоохон нэгдмэл холбоодын гишүүн биш учраас гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад хүндээр тусч байгаа юм.

«ЕАЭЗХ-нд элсэх юм уу, эсвэл Хятадтай бүр илүү ойртох нь эдийн засгаа сэргээх боломжийн нэг юм. Гэхдээ бодлогын шинэчлэлгүй бол эдийн засагт ямар нэг чухал ахиц дэвшил гарах магадлал багатай» гэж тэр үзэж байгаа аж.

Тажикистантай харилцахдаа Орос Улс холбоотон, стратегийн түншийн үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, ОХУ, Тажикстан улсууд хилийн хяналтыг сайжруулах, Афганистаны талын аюул заналаас хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байна. Эрчим хүчний томоохон байгууламж байгуулах, олон чухал нийгмийн байгууламжийг барихад Москва Душанбед дэмжлэг үзүүлсээр байгаа юм. Мөн Орос Улс Тажикийн хөдөө аж ахуйн цогцолборыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийж байна.

Үүнээс гадна Оросын зах зээлд бүтээгдэхүүнээ илгээхэд илүү үр дүнтэй болох зорилгоор Орос-Тажикийн хилийн боомт дээр бөөний түгээлтийн төвийг барьж байгаа юм. Тажикистанд дор хаяж Оросын хөрөнгө оруулалттай 300 гаруй аж ахуйн нэгж байдаг бөгөөд хоёр орны худалдааны эргэлт аажмаар нэмэгдэж, нэг тэрбум ам.долларт ойртож байна гэж Антонов хэллээ.

Гэхдээ Тажикистан Улс хүчин чармайлт гаргахгүй юм бол энэ хамтын ажиллагаа нь улс орны эдийн засгийг эрс сайжруулж чадахгүй, өнөөгийн түвшинд хэвээрээ байна гэж Антонов дүгнэж байна.

Эх сурвалж: finance.rambler.ru

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.