Туркчууд Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг дэмжлээ

2017-04-17 Ертөнц

Туркт болсон бүх нийтийн санал асуулгаар ард иргэд нь Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг дэмжжээ.

Нийтдээ 47,5 сая хүн оролцсон санал асуулгын албан ёсны дүн хараахан гарах болоогүй ч Үндсэн хуулинд өөрчлөлт хийх санал 51,4 хувиар дэмжигдсэн гэдэг мэдээлэл байна.Үндсэн хуулийг өөрчилж, Ерөнхийлөгчийн засаглалтай болгох саналыг Т.Эрдоган буюу түүний “Шударга ёс, хөгжлийн нам”-ын санал болгосон юм.

Энэхүү өөрчлөлтийг парламентаас албан ёсоор баталвал Туркт томоохон өөрчлөлт бий болно. Тухайлбал, зөвхөн бэлгэдлийн чанартай байсан Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг гартаа авна. Түүнд тушаал, шийдвэр гаргах, Дээд шүүхийн гишүүдийг сонгох бүрэн эрх очихын зэрэгцээ улс төрийн намд ч харьяалагдаж болох юм.

Энэ бүх өөрчлөлтийг өөртөө зориулан гаргасан гэх Ерөнхийлөгч Эрдоган 2029 он хүртэл Ерөнхийлөгчөөр ажиллах боломжтой болно. Учир нь, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд өөрчлөлт хийх боломжтой болох аж.

Нэг хүнд асар их эрх мэдлийг төвлөрүүлсэн энэ өөрчлөлтийг Туркийн эрх баригчид гадны улсуудын ноёрхлоос салах, шинэ хүчирхэг улсыг бий болгох эхлэл хэмээн мэдэгдэж байгаа бол барууны ертөнцөд үүнийг ардчиллаас ухарсан алхам, цаашид дарангуйлагчийг төрүүлж ч болзошгүй гэж харж байгаа юм.

Б.Номун

<

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.