Хүйсийн тэнцвэрт байдал, олон үндэстний нэгдэл бизнесийн үр ашгийг нэмэгдүүлдэг

2019-09-10 Подкаст


Удирдлагын түвшин дэх хүйсийн тэнцвэртэй байдал, олон үндэстний нэгдэл бизнесийн ашиг орлогыг нэмэгдүүлдэг болохыг саяхан хийсэн судалгааны дүн харуулжээ.

Менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Бостон Консалтинг Группын зохион байгуулж найман улсын 1700 гаруй компанийг хамарсан судалгааны дүнгээс үзвэл олон үндэстнээс бүрдсэн удирдлагын багтай компаниудын нийт ашгийн хэмжээ нэг үндэстэн дагнасан ажилтнуудтай компаниудыг бодвол өндөр гарсан байна. Түүнчлэн олон үндэстнээс бүрдсэн баг илүү бүтээлч, шинэлэг, санаачилгатай байгаа нь харагдсан бөгөөд ийм хүний нөөцтэй компани орлогынхоо бараг тэн хагасыг шинээр гаргасан бүтээгдэхүүн, үйлчилгээнээс олсон байна.

Энэхүү судалгааг хийхдээ үндэстэн ястны төрөл, ажил мэргэжлийн байдал, хүйс, боловсрол, нас гэсэн зургаан үзүүлэлтийг авч үзжээ.

“Олон үндэстний бүрдэл компанид хэд хэдэн ач тустай болохыг тогтоосон. Бидний хийсэн судалгаанаас харвал нэгээс илүү үндэстнээс бүрдсэн баг инноваци, санхүүгийн гүйцэтгэлд хэмжиж болохуйц үр ашгийг хүртэж байсан” гэж Бостон Консалтинг Группын судалгаа хамтран зохион байгуулагч Роко Лоренцо хэлжээ. Тэрбээр нэмж хэлэхдээ, “Төрөл бүрийн шинэлэг санаа дэлхийн улс үндэстнүүдийн бүрдэл болсон багаас илүү олноор гардаг. Энэ нь компанийн зорилгоо үр дүнтэй биелүүлэх, саад бэрхшээлийг даван туулах, шинэ санаа, стратегийн шийдлүүдийг боловсруулах боломжийг олгодог” гэсэн байна.

Төрөл бүрийн мэргэжил салбараас ажилтан элсүүлж авах зэрэг жижиг өөрчлөлт ч компанийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнээс олох орлогыг нэг хувиар нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Өнөөдрийн байдлаар бизнесийн байгууллагуудын дөнгөж 40 хувь нь энэхүү олон талт, нээлттэй ажиллах соёлд ач холбогдол өгч удирдлагын түвшиндээ авч хэрэгжүүлж байна.

Эх сурвалж: independent.co.uk

Орчуулсан Б.Хүдэр

<

© 2019 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.