Өнөөдрөөс эхлүүлж болох 10 онлайн бизнес санаа

2020-03-2 Бизнес


Дэлхий нийт интернэтийн сүлжээнд бүрэн торлогдсон өнөө үед онлайн бизнес эхлүүлэх хамаагүй амархан болсон. Өглөө эрт ирж тогтсон цагт бүртгүүлж ажиллахын оронд дуртай цагтаа гэрээсээ ч бизнестэй болох боломжийг интернэт олгож байгаа билээ. Хэрэв Та чөлөөт хуваариар ажиллахыг илүүд үздэг бол өөрийн гэсэн онлайн карьераа өнөөдрөөс яагаад эхлүүлж болохгүй гэж?

Интернэт сүлжээнд холбогдсон цагт онлайн бизнес хийх нь стартап хэрэгжүүлэхээс илүү зардал багатай гээд бодож байгаагаас илүү хялбар, үр ашигтай гэдгийг хүн бүр мэддэг болсон. Цогц төлөвлөгөө, цөхрөлтгүй оролдлого, ур чадварын хослол таны бизнесийг амжилттай болгох нь гарцаагүй.

Яг өнөөдрөөс эхлүүлж болох 10 онлайн бизнес санааг танд танилцуулж байна:

Виртуал туслагч

Орчин үеийн бизнесийн ертөнцөд оффисын өрөөгүй, ердөө ганц компьютер принтертэй бүхэл бүтэн компани үүсэн байгуулагдах нь ихэссэн. Учир нь ингэж нээгдсэн компани олон янзын үйлдлийг түргэн шуурхай гүйцэтгэх виртуал туслах ажиллуулдаг байна.

Хэрэглэгчид зориулсан үйлчилгээ, утсаар хариулах, уулзалт арга хэмжээ товлох, цахим шуудангаа шалгах зэрэг өдөр тутмын үйл ажиллагаа эдгээрт багтдаг.

Хэрэв та виртуал туслагчийн бизнесийг сонирхож байгаа бол эхний ээлжинд ганц үйлчлүүлэгч сонгон харилцаад хэрэглэгчийн хүсэл сонирхлыг тандана. Дараа нь юунд ач холбогдол өгөхөө шийдсэнээр нийт хэрэглэгчид рүү хандсан үйлчилгээг санал болгох нь зүйтэй.

Бизнес зөвлөгч

Та ямар нэг салбарыг гайгүй сайн мэддэг, боломжийн чадварлаг гэдэгтээ итгэлтэй байгаа бол мэдлэг чадвараа улам гүнзгийрүүлж бусдын зорилгод хувь нэмэр болж яагаад болохгүй гэж?

Хаана амьдарч байгаагаас үл хамааран интернэт сүлжээнд холбогдсон цагт та хэнтэй ч мэдлэг чадвараа хуваалцах боломжтой. Бага хэмжээний мөнгөөр хувьцааны арилжаа эхлүүлэх тал дээр зөвлөгөө өгдөг Тимоти Сайкс хэмээх залуу хувьцааны арилжааг хэрхэн амжилттай явуулах тусгай програм зохиож стартапуудад үнэ цэнэтэй мэдээллээр хангадаг байна.

Контент хөгжүүлэгч

Өнөө үед аль ч төрлийн бизнесийн салбарт контент маркетинг хэмээх нэр томьёог их бага хэмжээгээр ашигладаг болжээ. Сүүлийн хэдэн жил энэхүү хэллэг байнга хэрэглэгддэг болж үр ашигаа ч өгсөөр байна. Хэрэглэгчийн анхаарлыг татах хамгийн сайн арга хэрэгслийг бий болгоход бизнесийн салбарынхан янз бүрийн шинэ содон зүйл сэдсээр байгаа билээ.

Өнөөдөр бараг хүн бүр л ямар нэг контент буюу шинэ зүйл бүтээхээр ажиллаж байгаа хэдий ч тэдний маш цөөхөн хэсэг л хэрэглэгчийн анхаарал сонирхлыг татах контент бүтээж ашиг орлогоо өсгөж байна. Шинэ содон зүйл бүтээх­дээ гаргууд нэгнийг өнөө үед маш олон сайхан боломж хүлээж байна.

eBay онлайн дэлгүүрийн агуулах эзэмшигч

“Энгийн нэг гарааштай болоод eBay-ийн агуулах худалдаа явуулах нь ашигтай бизнес болохыг ойлгож авсан” гэж гарааш агуулах худалдаа эрхлэгч залуу Гари Вайнерчук хэлжээ.

“Зарчим нь их энгийн. Худалдаж аваад л буцаагаад арай өндөр үнээр зарах. Танд агуулах сав нь байна. Ер нь стартап хийж байгаа хүнд үнэхээр тохиромжтой аятайхан бизнес шүү. Бас нэг давуу тал нь үндсэн ажлаа орхих шаардлага байхгүй. Ажлаа дуусгасны дараа гэртээ юу зарахаа өмнөх өдөр нь төлөвлөөд амралтын өдрөөр наймаагаа хийж болно” гэжээ.

Зурагтай цамц

Хэвлэх төхөөрөмж улам бүр хөгжихийн хэрээр ямар ч зүйл дээр юуг ч хэвлэх боломжтой болсон. Цамц үйлдвэрлэгч компаниудын хувьд үйлдвэрлэлийн зардал урьд өмнөхөөсөө илүү хямд төсөр болсон гэнэ. Хэдэн жилийн өмнө цамц хийхийн тулд заавал маш олон тоогоор, цөөн хэдэн өнгө, хэмжээтэй хийх шаардлагатай байжээ.

Харин одоо дизайны янз бүрийн бүтээлч шийдэл, нийгмийн сүлжээний тусламжтайгаар цамцыг хэдэн ч тоогоор төрөл бүрийн загвартай хийх боломжтой болсон. Хүсвэл өөрийн гэсэн цамцны брэндээ ч бүтээх боломжтой болсон. “Chummy Tees” бол энэ маягаар бүтсэн цамцны томоохон брэнд болж чадсан бүтээгдэхүүн юм.

Зөвлөгөө өгөх үйлчилгээ

Үйлчилгээ үзүүлж буй хүн хийж буй ажлаа сайн ойлгож мэдэж байгаа тохиолдолд консалтингийн бизнес өндөр ашиг өгөх боломжтой. Бараг хүн болгон хэн нэгэнд зөвлөгөө өгч чадна гэж боддог гэхдээ мэргэжлийн түвшинд хөлс авах хэмжээнд бусдад зөвлөхийг хүсэж байгаа бол санал болгож байгаа бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг мэддэг хүнд хүргэж тэднийг ятгаж чаддаг байх хэрэгтэй.

Үйлчилгээ үзүүлдэг компаниа зөвлөх үйлчилгээний фирм болтол хөгжүүлсэн залуу өөрийн гэсэн брэндээ бий болгохын тулд таван жил зарцуулсан гэдгээ хэлээд үйлчлүүлэгч голдуу компанийн маркетингийн баг бүрдүүлэхэд зөвлөгөө авахыг хүсдэг гэжээ.

“Хөлсний” маркетер

Бизнесийг өргөжүүлэх олон янзын үйлчилгээ, ашигтай олон янзын хувилбар байдаг ба удирдан хэрэгжүүлсэн болон худалдан борлуулсан ажил бүрт хөлс мөнгө төлдөг. Ийм төрлийн бизнес үйлчилгээг цахим шуудан, блог зэрэг онлайн шийдлээр сурталчлах боломжтой.

Олон хүнтэй уулзаж учрах, сайжруулалтын туршилт зэргийг хийх шаардлагатай байдаг учир дээр дурдсан ажлууд дундаас магадгүй хамгийн их хэмжээний гарааны хөрөнгө зарах магадлалтай.

Гэхдээ нэгэнт амжилттай яваа “хөлсний” маркетер мөнгө хөрөнгө зарцуулах, сайжруу­лалтын үйл явцаас нэг их эмээгээд байх шаардлагагүй болдог гэжээ.

Нийгмийн сүлжээ идэвхжүүлэгч

Энэ ажил аль хэдийн 2016 оноос мэргэжил болон хүлээн зөвшөөрөгдсөн. Та нийгмийн сүлжээний орчинд олон дагагч, найзтай бол бараа бүтээгдэхүүн сурталчлан мөнгө олж болно. Бүүр маш их хэмжээний мөнгө шүү. Туршлагатай, өндөр орлоготой идэвхжүүлэгч пост бүрт хэдэн мянган ам.доллар олдог байна.

Влоггер

YouTube суваг хөтлөгч зар сурталчилгааны ашгаас хэдэн сая доллар олох боломжтойг бараг хүн бүр мэддэг. Гэвч бас нэг өөр хувилбар байдаг нь влог буюу видео блог хөтлөн мөнгө олох арга. Энэ нь харьцангуй биед амар.

Хүмүүс өөрт таалагдсан эд зүйлс эсвэл өөртөө хамааралтай аливаа юмыг сабскрайб буюу дагах үйлдэл хийдэг. Влоггер болохын тулд хүмүүсийн сонирхлыг тандаж чаддаг байхаас гадна төрөл бүрийн сонирхолтой агуулга сэдэв бий болгосон байх хэрэгтэй. Компани бараа бүтээгдэхүүнээ борлуулахын тулд хүний санаанд багтамгүй зүйл сэдэж гаргадгийн адилаар бүтээсэн видеогоороо хүн татахын тулд аливаа юмыг сонирхолтой содон өнцгөөс харуулдаг байх шаардлагатай.

График дизайнер

Хэрэв та график дизайны мэргэжилтэй эсвэл програмчлалын код бичдэг бол өндөр шан харамжтай ажиллуулах газрууд хаа сайгүй байна. Чөлөөт цагаараа, боломжтой үедээ ажиллаж ч болно. Мөн үнээ тохиролцох, төслөө өөрөө сонгох, тухтай гэж үзсэн газраа ажиллах гээд олон давуу эрхтэй.

Эх сурвалж: www.businessinsider.com

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.