М.Энхсайхан:”Стратфор”-ийн прогнозоос Монголд хамаарахыг сонирхуулъя

2019-01-9 Нийтлэл

 

“Стратфор” компанийн хийсэн дэлхийн эдийн засгийн прогнозоос Монголд илүү хамаарах, 2019 онд өрнөж мэдэх хүлээгдэж буй дэлхийн үйл явдлуудаас Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхан нэгтгэснийг хүргэж байна.

Том зургаар харвал:

Их гүрнүүдийн өрсөлдөөн ширүүснэ. АНУ Хятадын эсрэг тарифийн хориг тавих бодлогоо чангаруулна. Тайвань, Польшийг тойрсон геополитик идэвжиж зарим орнуудад “төвийг сахих толгойны өвчин” бий болно. Геополитик бизнест том эрсдэл үүснэ.

Дэлхийн худалдаа эмзэг төлөвтэй болно. Дэлхийн худалдааны байгууллагын хүрээнд маргаантай асуудлаа зохицуулах чадвар алдагдснаас улс орнууд хоёр талаар маргаанаа зохицуулах хувилбар руу шилжиж, тэр нь байдлыг улам түвэгтэй болгоно.

Газрын тос, ам.доллар:

Газрын тосны нийлүүлэлт эрэлтээсээ өндөр байх төлөвтэй. “Газрын тосны дэлхийн зах зээлийн үнэ өсөх магадлал тун бага ч гэсэн Монголын хувьд зөвхөн Оросоос хараат учир бензин шатахууны үнэ Монголд тогтвортой байх магадлал тун бага. Тэр тусмаа он гараад Орост шатахууны дотоодын үнэ 10 хувиар өсөх, Орос оронд газрын тосны нийлүүлэлтийн ойрын ирээдүй бүрхэг болж байгаа тухай мэдээлэл их гарч байгаа” хэмээн М.Энхсайхан бичсэн байна. Үүнд ам.доллар чангарч, үндэсний мөнгөн дэвсгэртүүд сулрах, үнэ ханш өсөх явдал энэ оны дүр зураг болж мэдэхээр байна.

 

Хятад, Орос

Хятад шинэ шинэ зах зээл өөртөө нээхийн тулд Бүс, замын санаачилга стратегиа улам идэвхжүүлнэ. Ялангуяа далайн боомтуудад хийх хөрөнгө оруулалт өснө гэсэн хүлээлт байгаа аж.

Бүс, замын санаачилга стратегийн хүрээнд яригдаж байгаа эдийн засгийн корридорын асуудал энэхүү судалгаанд дурдагдаагүй бөгөөд тэдгээр нь үр ашигтай төсөл байж чадахгүйтэй холбоотой байж магадгүй гэнэ.

Барууны хориг арга хэмжээ чангарна. Оросын гибридны тактикийн эсрэг ажиллагаа өргөжинө. Орост үнэ, ханш нэмэгдэж, дотоод зөрчил өснө гэжээ. Дэлхийн дэг журам өөрчлөх бодлогын хүрээнд тухайлбал ШХАБ-ын хүрээнд цэргийн хээрийн сургуулилалт өснө хэмээжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.